logo
Утааны хор уршиг урагт нөлөөлсөөр л…

Утааны хор уршиг урагт нөлөөлсөөр л…

2013/11/08
Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь шинээр төрж байгаа хүүхдүүд . Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд 2005-2008 онд төрөлхийн гаж хөгжилтэй 78 хүүхэд мэс засал хийлгэсэн бол өнгөрсөн жил энэ тоо 200 гаруйд хүрчээ.Сүүлийн жилүүдэд урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ төрлийн гажгууд гарах болжээ.

Улаан хоолойн битүүрэлтэй 11-н нярайд мэс засал хийснээс долоо нь амьдарч дөрөв нь энджээ.Өндгөвчний хавдраас болоод ой долоохон сартай охины хөх ургаж, бэлэг эрхтэнийх нь үс урган, сарын тэмдэг нь үзэгджээ. Хоёр нас хүрээгүй бяцхан амьтанд шилжилтийн насны хүүхдийн шинж тэмдэг илэрснийг сонсоход сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.

Харин одоо та энэ зургийг харна уу. Эмч нар энэ хүүхдийн хавдрыг авчээ. Ахар сүүл, ууц орчмын гажуунгар буюу нярай хүүхдийн нялх биед зангидсан гар шиг том хавдар ургасан гэрэл зургуудыг харахад нүд хальтрам.Хошного нь битүүгээс болж ялгадас нь шээсний сүв рүү ордог эмгэгтэй нярай ч олон ирсэн байна. Гэдэс дотор эрхтэн нь ил гарсан эмгэгтэй хүүхэд хэд хэд төржээ. Эмнэлгийн хэллэгээр бол хэвлийн өмнөд хананы цоорхойтой төрөөд долоо ч хоноогүй нялх хүүхдийн дотор эвгүйцэм гэрэл зургуудыг тэд баримт болгон хадгалсан байв.

Улаанбаатарын агаарын бохирдол, автомашины утаа хүний амьсгалах төвшинд ойр буюу хоёр метр өндөрт цацагддаг аж. Тиймээс автомашинаас гарах хүнд металлиар бохиртсон хорт утаа төрөл бүрийн архаг өвчин үүсгэх, бүхий л эрхтэн системийг гэмтээх, мэдрэл сэтгэхүйн эрхтэний хэвийн ажиллагааг алдагдуулах, хүүхдийн өсөлтийг зогсоох цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай. Дээр нь хүнсний баталгаагүй байдал, янз бүрийн химийн бодист хордсон байхыг үгүйсгэхгүй эрүүл мэндэд халгаатай гэхэд дэндүү орчинд улсын маань хүн амын тал хувь нь амьдарч байна. Ийм орчны балгийг хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа л амсаж байгаагийн гэрч нь гаж хөгжилтэй төрж буй хүүхдүүд.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш