Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ
Мөн дугаарт, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.
Тогтоолоор, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг батлагдсан хэмжээнээс нэмэгдэж, ижил хэмжээтэй обьектуудын төсөвт өртгийг харилцан адилгүй тооцож, барилгын ажил олон жил дамжин үргэлжилж байгааг таслан зогсоох зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.
Тэдгээрийн дотор, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан байгууллагуудын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэн, эдгээр барилга захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг улсын хэмжээнд хариуцан гүйцэтгүүлэх чиг үүрэг бүхий улсын үйлдвэрийн газрыг байгуулан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэх, шаардлагатай бол холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхийг даалгасан байна.
Үүнээс гадна Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хасагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2014, 2015 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр олон жил дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн тус тогтоолын хавсралтуудад дурдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа удааширсан шалтгааныг тодруулан шалгаж, дүнг 2013 оны 10 дугаар сарын 28-ний дотор Улсын Их Хуралд ирүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгажээ.
Эмхэтгэлд, Монгол Улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү тогтоолоор дипломат, албан паспортыг хэн эзэмших, ямар хугацаанд хүчинтэй байх , тэдгээрийг ямар байгууллага олгох, хэн эзэмших, олгох үндэслэл, хадгалах зэрэг асуудлыг журамлажээ.
Шинэ дугаарт, Монгол Улсад ямар тэмцээнийг 2014 онд зохион байгуулахыг тогтоосон Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Тухайлбал, ирэх онд “Чингис хаан- 2014” жудо бөхийн Гран-при, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, “Улаанбаатар марафон” олон улсын марафон гүйлтийн зэрэг олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулахаар тогтоожээ.
УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс