logo
Ц.Жадамба: Чуулганы үр дүн бэлэн бүтээгдэхүүнээр л хэмжигдэнэ

Ц.Жадамба: Чуулганы үр дүн бэлэн бүтээгдэхүүнээр л хэмжигдэнэ

2013/11/15

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбатай ярилцлаа. 6

-“Монгол ухаан- Монгол брэнд” сэдэвт програм хангамж, үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулган зохион байгуулагдаж өндөрлөсөн. Та энэ чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг Монгол Улс дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Чуулган зохион байгуулснаар энэ зорилтыг биелүүлэхэд түлхэц болох уу?

-Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг зүйл яригдаж эхлээд бараг 5-6 жил болсон байна. Нэг сайн зүйлийг хэт олон яриад, тэр нь өөрөө амьдрал дээр хэрэгжихгүй удаад ирэхээрээ улиг болж эхэлж байгаа юм. Утаа гэж ярьсаар байгаад сүүлдээ утаа нь байдаг л зүйл болж хувирдаг. Тэрний тухай хүчтэй арга хэмжээ аваад ч сүүлдээ дийлэхээ больчихлоо шүү дээ. Яг түүнтэй адил мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг зүйлийг яриад л байдаг. Тэгсэн мөртлөө хийхгүй байгаад байхаар утгаа алдчихаж байгаа юм. Тэгэхээр мэдлэгт суурилсан эдийн засаг гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр хүний оюуны үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж, тэндээс яаж баялаг үйлдвэрлэх вэ гэх ойлголт. Үүний маш олон хэлбэрүүд байдгийн нэг нь манай салбарын програм хангамжийн тухай ойлголт. Програмистууд жишээ нь нэг нь англи, нөгөө нь монгол хэлтэй, хоорондоо ойлголцохгүй мөртлөө яг програмынхаа хэлээр бол чөлөөтэй ойлголцдог. Тэгэхээр дэлхий нийтээр нэг л хэлээр ярьдаг. Дэлхий нийтээр нэг л хэлээр ярьдаг учраас үүнд хязгааргүй боломж нь нээлттэй байгаа юм. Энэ хязгааргүй боломжийг өөрийнхөө шавхагдашгүй нөөц буюу тархиараа гаргаж ирж чадвал бидний оюунд маш их Оюутолгой, Тавантолгой байна. Мөнгөн дүнгээр нь яривал хүмүүст илүү ойр байх. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 2013 оны хагас жилийн байдлаар хоёр их наяд хэмжээний ам.доллар зөвхөн энэ зах зээл дээр эргэлдэж байна. Тэр дундаасаа яг software гээд яривал 543 тэрбум ам.доллар явж байгаа. 543 тэрбумаас 250-аад тэрбум нь аппликэйшн байгаа. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэхээр бид боломжоо ашиглаж, байгаа зүйлээ хөгжүүлж чадвал тэр их мөнгөний тодорхой хувийг авах боломж нь байна гэж үзсэн. Чуулганы хамгийн гол зорилго нь үүнд оршсон юм. Бид яагаад заавал Оюутолгой, Тавантолгой дээр төвлөрөх ёстой юм. Энэ бол өөрөө шавхагддаг баялаг. Бас сөрөг үр дагавар ихтэй. Тэгвэл үүнээс гадна бид өөр бас нэг сувгаар Монголын эдийн засагт хувь нэмэр оруулах зүйлийг хийж болох юм байна гэж үзсэн. Бид мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадвал үүгээрээ дамжуулаад маш их баялгийг бий болгож чадна гэж харж байгаа. Тэгэхээр үүнд төрөөс үзүүлэх гарааны дэмжлэг хэрэгтэй юм байна гэж үзсэний үндсэн дээр мөн энэ чуулганыг зохион байгуулсан. Хоёрдугаарт, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Мэдээллийн технологийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж байгаа. Энэ бодлогын баримт бичиг гарч байж, ирээдүйд чиг хандлага маань хаашаа явах юм бэ, бидний зорилго, зорилт юу юм гэх зэрэг олон зүйл тодорхой болно. Энэ дотроо програм хангамжийн салбарт бид ямар бодлого барих юм, үйлдвэрлэгчиддээ бид юу хийж өгөх ёстой юм бэ гэдгийг энэ чуулганаар гаргаж авах нь бас нэг зорилго байсан. Бид бодлогын зөвлөмжөө гаргаад авсан.5

-Програм хангамж, үйлдвэрлэгчдийг төрөөс тодорхой хэмжээнд дэмжиж ажиллахаар болж байгаа. Тухайлбал, яг ямар дэмжлэгүүд байж болох вэ?

-Төрөөс дэмжинэ гээд зарлачихсан байгаа. Эхний ээлжинд төрөөс үзүүлж болох санхүүгийн дэмжлэг юу байна вэ гэхээр шинжлэх ухаан, технологийн сан байдаг юм байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл бас бий. Мөн Японы хоёр үе шаттай бизнесийн зээл байдаг юм байна. Дээрээс нь төрийн өмчийн үйлдвэр компаниуд монгол програмистаар ажлаа хийлгэх боломж нь байна. Тавдугаар, төр гэхээсээ илүү хэвшил хоорондын харилцаа. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрхээ барьцаалж, арилжааны банкуудаас зээл авах гэдэг шинэ ойлголтыг бий болгохыг зорьсон. Энэ хүлээлтийн цаана юу байх вэ гэхээр бид нэг ч гэсэн компанийг дэмжээд, зээл авахуулчихвал бусаддаа том жишиг болно гэж харж байгаа. Бүгд хамрагдана, хамрагдах ёстой гэвэл харьцангуй ойлголт. Ямар ч байсан хамрагдаж болдог, эндээс санхүүжилт авч болдог гэдгийг гаргах нь энэ чуулганы бас нэг зорилт байсан. Чиглэл бүр дээр ямар ч байсан эхний ажлууд нь хийгдээд, төслүүд нь өгөгдчихсөн явж байна. Ойрын хугацаанд эхний үр дүн гарах байх гэж найдаж байгаа. Төрийнхөөсөө илүү арилжааны банкууд дээр үр дүн гарчих юм шиг харагдаж байна. Жишээ нь Төрийн банкин дээр зохиогчийн эрхийг барьцаалж зээл олгох асуудал яригдаж байгаа. Энэ ажил  нэлээд урагштай явж байна. Үүн дээр бид Зээлийн батлан даалтын санг оруулж ирж байна. Тухайн зээлийн 60 хүртэлх хувийг батлан даана. Энэ мэтээр тал талаас нь дэмжээд, шинэ жишиг гаргах гэж л зорьж байгаа юм.5

-Монголын програм, хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын програм, хангамжуудтай эн тэнцэхүйц төвшинд хүргэх асуудлыг чуулганаар мөн хөндсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ерөнхийдөө хүмүүсийг өдөөж өгсөн юм л даа. Яагаад бид хийж чадахгүй байгаа юм бэ, яагаад бид зах зээлээ тэлэхгүй байгаа юм бэ гэж. Бидэнд шинэ зах зээл байна. Аялал жуулчлал, уул уурхай байна. Уул уурхай дээр жишээлбэл, Монголын програм хангамжууд хангалттай төвшинд ороогүй. Гэхдээ боломж байгаа. Тийм учраас яагаад бид тийшээ орж болохгүй байгаа юм. Аялал жуулчлал байж байна. Зөвхөн вэб сайт л байна шүү дээ. Тэгвэл олон улсад аялал жуулчлалын програм хангамж яаж хөгжсөн байна вэ. Вэб сайтаар захиалга авлаа гэхэд өөр бас нэг компани нь аппликэйшн хийгээд, үзэх гэж байгаа газрыг нь танилцуулдаг. Энэ мэтээр тал талаасаа нийлээд нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүний цаана олон үйлдвэр ажиллаж байдаг. Тэгвэл бид яагаад зах зээлээ нээх боломж байхад ажиллахгүй байгаа юм гэдгийг өдөөж өгсөн. Хоёрдугаарт, хамгийн гол хүчин зүйл байгаа нь хүний нөөц. Монгол хүний нэг онцлог байдаг юм байна. Нэг компани дээр ирээд юм сурч байгаад, овоо төвшинд болоод ирэхээрээр шууд тухайн ажлыг хаяад гарчихдаг. Тэгэхээр хувь хүний хариуцлагын асуудал маш их хөндөгдөж байгаа юм. Бид яаж хүмүүсээ чадавхижуулахаас гадна иргэний хүн чанарынх нь хувьд яаж хариуцлагатай болгох вэ. Тэр компани цалин өгч байна, сургаад, чадавхижуулж байна. Сургаад, яг бүтээгдэхүүн бэлэн болмогц ажлын байраа орхиод явчихаж байгаа. Бид яаж энэ сэтгэхүйг өөрчилж өгөх вэ гэдэг маш эмзэг асуудал болчихсон байна. Тийм учраас энэ асуудлыг боловсролынхоо тогтолцоонд яаж тусгаж өгөх вэ гэдэг асуудал энэ чуулган дээр нэлээд хөндөгдсөн. Гарцуудыг олж харсан болов уу гэж найдаж байна. Ингээд эцэслээд дүгнэхээр хэд хэдэн хүчин зүйлүүд гарч ирж байгаа. Нэгдүгээрт, төр их зөв бодлого гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, эрх зүйн орчныг зөв гаргаж өгөх ёстой. Гуравдугаарт, компаниуд өөрсдөө үүнийг хийе, шинэ бүтээгдэхүүн гаргая гэсэн эрмэлзэл, зорилготой байх ёстой. Үүнээс гадна нөгөө хувь хүний асуудал гарч ирж байгаа. Компанид ажиллаж байгаа хүнийг яаж тогтвор суурьшилтай ажиллуулах вэ. Энэ бүх зүйлүүд нийлж байж, эцсийн дүндээ цогц арга хэмжээ болох юм. Чуулганаас гарах хамгийн том үр дүн юугаар хэмжигдэх вэ гэхээр жилийн дараа уулзахад заавал ямар нэг бүтээгдэхүүнтэй байх ёстой гэж байгаа. Түүнээс биш бүгдээрээ цуглаад, гоё ярьсан, гоё илтгэл тавьснаараа хэмжигдэхгүй.5

-Компаниудыг төрөөс дэмжиж байгаатай зэрэгцээд тодорхой хэмжээнд хариуцлага, хяналтын асуудал яригдах байх. Тэгэхээр төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавих, хариуцлага тооцох ямар нэгэн бодлого, чиглэл байгаа юу?

-Тухайн төсөл, хөтөлбөрт хамрагдсан компаниуд маань бүтээгдэхүүнийг хийх ёстой. Хэрвээ хийж чадахгүй бол хариуцлагын асуудал яригдана. Тэгэхээр бид энэ асуудал дээр Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоогоо татаж оролцуулж байгаа. Холбооноос “Энэ компани ийм үзүүлэлттэй, ингэж ажилладаг” гэх зэрэг мэдээллүүдийг өгснөөр энэ маань давхар баталгаа болж өгч байгаа юм. Тэгж байж, бидний харилцаа цаашдаа улам сайн өргөжинө. Тэр утгаараа мэдээж давхар хяналтын ажиллагаа явна. Үүнээс гадна тухайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа компаниуд маань өөрсдөө давхар хяналт тавьчих учраас бид хяналт гэхээсээ илүү дэмжиж, үр дүн гаргах талаас нь ажиллана.6

-Дэмжлэг гэхээр төрөөс үзүүлж буй санхүүжилт хангалтгүй гэх асуудал бий. Энэ салбар өөрөө маш их мөнгө шаарддагаараа онцлогтой шүү дээ. Тэгэхээр дэмжлэгийг илүү өргөн цар хүрээтэй, үр дүнтэй болгохын тулд хэрхэн ажиллах вэ. Санхүүжилтийн өөр арга, хэрэгслүүдийг ашиглана гэсэн үг үү?

-Өнөөдрийн төвшинд инноваци хийж байгаа компаниуд харьцангуй цөөхөн. Ашгийн төлөө ажиллаж байгаа учраас инноваци гэхээсээ илүү ямар нэгэн төсөл хөтөлбөр, тендерт оролцох сонирхолтой. Тэндээсээ ашиг олж байж, компаниа тогтвортой, баттай болгосны дараа инноваци руу ордог. Тэгэхээр шууд инноваци руу орох ёстой гэдэг үүднээс бид санхүүгийн эх үүсвэр гаргаж өгч байгаа юм. Гэхдээ ямар ч үйлдвэрлэл бүтээгдэхүүн гаргаад, тэр нь борлогдож байх ёстой. Өөрөөр хэлбэл, ашгийн асуудал бас бий. Энэ л бодитой дэмжлэг болно гэж харж байгаа. Үүнээс өөр бодитой дэмжлэг үзүүлчихээр зүйл өнөөдрийн төвшинд харагдахгүй байна. Байж болох бүхий л хувилбаруудыг томъёолоод, тэр хэлбэр дээрээ хамтын ажиллагааны гэрээг зураад, ажлаа эхлүүлэх гээд л явж байна.5

-Төрийн банкин дээр нэг санхүүжилтийн асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ яг хэр хэмжээний мөнгөн дүнтэй вэ. Хэзээ олгогдох бол?

-Төрийн банкин дээр явж байгаа зээлийн үнийн дүн болон бусад мэдээллийг өгмөөргүй байна. Яагаад гэвэл энэ маань тухайн компанийн нууцтай холбоотой, өмч хөрөнгөийн асуудал шүү дээ. Тийм учраас хөндлөнгөөс мэдээлэл өгмөөргүй байна. Ямар ч байсан дэмжлэг олгох гээд явж байгаа. Тэр компанид туслах гээд байгаа гол шалтгаан нь хэрвээ энэ компани аваад эхэлчихвэл дараа дараагийн банк, компаниудад шинэ жишиг болох ёстой.5

-Чуулганаас зөвлөмж гаргасан гэсэн. Зөвлөмжийн дагуу Засгийн газрын тогтоол, эсвэл өөр ямар нэгэн бодлогын баримт бичиг батлагдах уу?

-Засгийн газрын тогтоолоосоо илүү “Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-т тусгаад, тэр нь УИХ-аар батлагдчихвал энэ маань маш хүчтэй баримт бичиг болно.5

-Бодлогын баримт бичиг нь хэзээ бэлэн болж, өргөн баригдах вэ?

-Боловсруулагдаад явж байна. Бид намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөсөн ч салбар болгон дээрээ нягталж, нарийвчлах шаардлага байна. Хэлэлцүүлэх зүйлүүд ч бас байгаа. Гэхдээ аль болох хурдан өргөн барих ёстой.5

 Л.Энхдэлгэр
shuud.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш