Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 11 дүгээр сарын 18-29-ний өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, Монгол Улсын бизнес, эдийн засгийн өнөөгийн орчин, нөхцөл байдлын талаар илтгэл тавина.
Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн, Вьетнамын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам нартай ганцаарчилсан уулзалт болон хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж, албаны бусад арга хэмжээнд оролцох бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна бизнес, хувийн хэвшлийн томоохон баг дагалдан явах юм.
Монгол-Мьянмарын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн тэргүүний хэмжээнд хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулах түүхэн айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд уламжлалт, найрсаг харилцаатай БНСВУ болон худалдаа, эдийн засгийн том түнш Сингапур улсад хийх айлчлалынхаа үеэрээ хоёр талын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцох, нэр хүнд бүхий их дээд сургуулиудад лекц уншихын зэрэгцээ Сингапурын “World 2014”–д илтгэл тавина.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Зүүн Өмнөд Азийн орнуудад хийх энэхүү айлчлал нь бүс нутгийн интеграцид Монгол Улсын идэвхтэй оролцоог хангаж, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК болон Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох зэрэг гадаад бодлогын зорилтыг урагшлуулахад нэн чухал ач холбогдолтой айлчлал болох юм.