logo
Мушарраф эх орондоо ирсэн биш үйлээ үзэв...

Мушарраф эх орондоо ирсэн биш үйлээ үзэв...

2013/11/19
Пакистаны засгийн газар цэргийн удирдагч асан Первез Мушаррафыг эх орноосоо урван тэрсэлсэн хэргээр шүүх хүсэлтийг Дээд Шүүхэд гаргажээ. "Тэрээр 2007 онд онц байдал зарлан үндсэн хуулийг түдгэлзүүлсэн учраас түүнийг төр засгаас урвасан хэрэгт буруутгасан" гэж Дотоод Хэргийн сайд Чаундри Нисар Али Хан мэдэгдсэн байна. Пакистаны ерөнхийлөгчөөр 2001-2008 онд ажиллаж байсан генерал Мушарраф буруутай нь тогтоогдвол түүнд ялын дээд хэмжээ эсвэл бүх насаар нь шоронд хорих ял оноож магадгүй ажээ.

Түүнийг үүнээс гадна 2007 онд Исламабад хотын Улаан Сүмээс зэвсэгт этгээдүүдийг гаргах цэргийн ажиллагаатай холбоотой хэрэгт буруутгаад байгаа юм байна. Тухайн үед 100 гаруй амь үрэгдэж байсан бөгөөд энэ үйл явдалтай холбоотойгоор исламын бослого тэмцэл гарч байжээ. Үүгээр ч зогсохгүй Мушаррафыг ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн аллагын хэрэгтэй холбогдуулан хүн амины хэрэгт буруутгаад байгаагаас гадна гадны улс руу зорчихыг нь хориглосон байна. Гэхдээ тэрээр өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэний зэрэгцээ буруутгалуудыг улс төрийн зорилготой хэмээн шүүмжилжээ.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш