Өнөөдөр 09:00 цагаас УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.
Үүний дараа Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийгдэж, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
Мөн “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН танилцуулна. Тус хуультай холбоотойгоор Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”-ын хариу, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариу, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг тус тус сонсох ажээ.