Улсын дээд шүүхээс МАН-ын өмчлөлд байсан Лениний музейг төрийн өмч болохыг тогтоосон шийдвэрийг өчигдөр гаргасантай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Эрхзүй, аюулгүй байдлын бодлогын газрын дарга Ш.Раднаасэд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын зүгээс тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээд шүүхийн дараагийн шат буюу Ерөнхий шүүгчид хандана гэлээ.
Бүх шатны шүүх дээр МАН-ын өмгөөлөгч болон хуульч нарыг үг хэлүүлэхгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн гэж тэд мэдэгдээд хууль, шүүхийн байгууллага нэг талыг баримталж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. МАН эрх баригч АН-ыг ярьж, тохиролцохгүйгээр хууль бусаар өмчид халдсан гэж үзэж байгаа бөгөөд Лениний музейн маргааныг шийдвэрлэх 11 удаагийн шүүх хуралд АН эрх барьж байгаагаараа нөлөөлөл үзүүлж байна хэмээн тэд мэдэгдлээ.