logo
Ийнглак Чиннаватыг ахынх нь хувь заяа хүлээж байна уу?

Ийнглак Чиннаватыг ахынх нь хувь заяа хүлээж байна уу?

2013/11/27
Тайландын нийслэл Бангкок хотод эсэргүүцлийн жагсаал үргэлжлэх үеэр жагсагчид хэд хэдэн яамны байрыг бүсэлсэн байна. Тэд Ийнглак Чиннаватын засгийн газраас огцрохыг шаардаж байгаа бөгөөд хуучин ерөнхий сайд, Йинглакийн ах Таксин Чиннават одоогийн засгийн газрыг удирдаж байна хэмээн буруутгаж байгаа ажээ.

Даваа гарагийн орой ерөнхий сайд Йинглак хөл хорио тогтоож, замуудыг хаах зөвшөөрлийг холбогдох албаныханд өгсөн байна. Мөн Тайландын шүүх Ардчилсан Намаас парламентад сонгогдож байсан Сутеп Таугсубаныг баривчлах зөвшөөрлийг гаргажээ. Учир нь тэрээр жагсаал цуглааныг удирдан зохион байгуулж байгаа юм байна.

Тайландад өршөөлийн хуулийн төслийг парламентын доод танхим баталсан нь ихээхэн маргаан дагуулж, эсэргүүцлийн жагсаалын эхлэлийг тавьжээ. Уг хуулийг парламентыг дээд танхим батлаагүй хэдий ч энэ нь ерөнхий сайд асан Таксин Чиннаватыг авлигын хэргээр шоронд ял эдлэлгүйгээр эх орондоо эргэж ирэх үүд хаалгыг нээх байсан гэж жагсагчид үзэж байгаа гэнэ.

2006 онд Тайландад цэргийн эргэлт гарч, Таксиныг төрийн эрхнээс зайлуулснаас хойш тус улсад ихээхэн зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсчээ. Өршөөлийн хуулийн төсөл ч улс төрийн зөрчлийг дахин сэдрээсэн байна.

РАЛЬДИЙ.А /shhum.mn/


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш