Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нийт 18 эмэгтэй ажилтан нарийн мэргэшлийн чиглэлээр Египетийн дотоод яамны харъяа Цагдаагийн Академид 4 долоо хоногийн хугацаанд олон улсын сургалтад урилгаар хамрагдаж амжилттай дүүргээд нутаг буцав.
Дотооддоо нөхцөл байдал хямралтай байгаа хэдий ч манай улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж буй Египетийн Засгийн газрын тэтгэлгээр суралцагсад мөрдөн байцаалтын явцад хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах, хэргийн газарт үзлэг хийх арга технологийн шинэ хэлбэрүүд зэрэг мэргэшлийн хэд хэдэн чиглэлээр дагнасан сургалтад хамрагдав.
Монголчууд бусад орны суралцагчдаас мэдлэг, бие дааж ажиллах чадвараараа илүү байсан, хүн нэг бүр тодорхой сэдвээр судалгаа хийж танилцуулсныг Египетийн тал онцлон тэмдэглэж зөвхөн Монголын төлөөлөгчдөд зориулан төгсөлтийн арга хэмжээг тусгайлан зохион байгуулсан бөгөөд манай суралцагчдад төгсөлтийн үнэмлэх, тэмдгийг Египетийн Дотоод яамны болон Гадаад хэргийн дэд сайд нар гардуулав.
Египет Улсад суугаа манай улсын ЭСЯ-наас санаачлан Египетийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг энэхүү сургалтад 2012 онд манай хил хамгаалах албаны отряд, заставын 25 оффицер Египетийн талын тэтгэлгээр хамрагдаж мөн Египетийн талаас өндөр үнэлгээ авч байжээ.