logo
Жүжигчин Б.Баатархүү уран бүтээлдээ эргэн орлоо

Жүжигчин Б.Баатархүү уран бүтээлдээ эргэн орлоо

2011/09/02
Монголын кино урлаг болон хошин урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож, бүтээсэн олон сайхан дүрээрээ үзэгчдийн талархлыг хүлээсэн авьяаслаг жүжигчин Б.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сард хорт хавдраа эмчлүүлэхээр Германыг зорьж байсан билээ. “Далайд дусал нэмэр” гэгчээр тухайн үед эмчилгээний зардалд нь бага ч болов дэм болох үүднээс Монголын урлаг, соёлын одод нэгдэж хандивын тоглолт хийсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн. Б.Баатархүү Германд хагалгаа хийлгэж, хэсэг хугацаанд эмчлүүлсний эцэст өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур эх орондоо ирсэн юм.

 Тэр цагаас хойш олны хараанаас зайдуухан, нам жим байсан авьяаслаг жүжигчин саяхнаас уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ. Тэрбээр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын найруулж буй “Франц үнсэлт” инээдмийн өнгө аястай киноны дүрд тоглож байгаа таатай мэдээг дуулгая. Энэ намар нээлтээ хийх тус бүтээлд тэрбээр залуу жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлагийн ахлагч Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндавга, хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, жүжигчин А.Алтантуяа нартай хамтран тоглож байгаа юм.

А.Зул
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш