logo
Такси хөлгөлөсөн сайд төрийн зочныг угтав

Такси хөлгөлөсөн сайд төрийн зочныг угтав

2011/09/02
Д.Занданшатар сайд зам дээр гар өргөөд зогсож байна гээд төсөөл дөө. Охин нь ангийн багштайгаа ам мурийсний төлөө сайдын суудлаа өгдөг барууны оронд энэ бол хэвийн үзэгдэл байх л даа. Харин хоёр жилийн өмнөх загварын гар утас барьсан байна гэж нэгийгээ шоолдог Монгол Улсад бол онигоо шүү. Төрийн сайд хүн ажлаа хийж яваад, тэр тусмаа гадны улсын Ерөнхийлөгчийг онгоцны буудлаас тосох гэж яарч явахдаа такси хөлөглөсөн гэхээр хэр баргийн хүн үнэмшихгүй байх шүү. Гэтэл ийм юм үнэхээр болжээ. Нисэх рүү явж байтал сайдын машин унтраад таг зогсчээ. Аргаа барсан Д.Занданшатар сайд таксигаар хүргүүлж, зочноо угтаж авсан аж. Сүүлийн үед таксинд гар өргөж сууна гэдэг хэн хүнд олдохгүй ховор аз завшаан болсон. Хаа хол Нисэхийн замд байтугай хотын төвд ч такси нүдний гэм билээ. Харин ямар азаар сайдад такси тийм амархан олдсон юм бол доо. Хэрэв тэгээгүйсэн бол Финландын Ерөнхийлөгч хатагтайг онгоцны буудлаас Улаанбаатар руу орж ирэх замд мань сайд толгойгоо маажсан шиг зам дээр жолоочоо нударч зогсох байсан даа. Техник бол санаан зоргоор зохицуулж болдог эд биш. “Би том сайд байна. Гадны том даргыг тосох гээд явж байна, эвдэрвэл чамайг даа..” гэж зандраад ч нэмэргүй.  Тэгэхээр Д.Занданшатар сайд тэр таксины жолоочид “том” талархах учиртай. Харин сайд өөрөө гарцаагүй “Такси Зандаа” хочтой л болох шиг боллоо доо.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш