logo
Увсын Тариалангийнхан сая төгрөгөө СЕХ-д буцааж өгөхийг хүсэв

Увсын Тариалангийнхан сая төгрөгөө СЕХ-д буцааж өгөхийг хүсэв

2013/11/29
УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35.18.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэсэн заалт бий.

Хэрвээ мөнгө тараасан нь тогтоогдвол хуулийн 35.29-д зааснаар “Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж байгаа билээ. Хуулийн энэ заалтаар Увс аймгийн Тариалан сумын 13 иргэн сая төгрөг авсан юм.

Тэгвэл тэдгээр сая төгрөгөө авсан Увс аймгийн Тариалан сумынхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, СЕХ-г хуулиа биелүүлж ажиллахыг шаардаж байгаагаа илэрхийлэв. “Монгол Улс хуультай, тэр хуулиа биелүүлье. Хууль биелүүлснийхээ төлөө хүн гүтгэсэн хэрэгт унах нь. Бид хууль адилхан хэрэгждэг байх ёстой гэдэг үүднээс зөрчлийг илрүүлсэн. Түүнээс биш сая төгрөг авахын төлөө ийм зөрчил илрүүлж мэдэгдээгүй” гэж тэд ярьж байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд шаардлагаа гардууллаа
Эдгээр иргэд нь УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах, шадар туслах, сонгуулийн штабын дарга нар иргэдэд 100 мянган төгрөг тараасныг баримтаар нотолж мэдүүлсэн тул СЕХ тэдэнд хүн тус бүрт нь сая төгрөгийг өгсөн байна. Гэвч хууль зөрчсөнийг илрүүлж, хуулиа хэрэгжүүлснийхээ төлөөсөнд тэд өөрсдөө хүн гүтгэгчид болж хувирахад хүрчээ. Учир нь хууль зөрчсөнийг нь тогтоож, СЕХ 13 хүнд 13 сая төгрөг өгчихөөд байхад хэргийн жинхэнэ эздийн УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгохгүй байгаа тул нутгийнхан тэдгээр 13 хүнийг хүн гүтгэсэн мэтээр ойлгож байгаа гэнэ. Иймд тэд СЕХ-нд мөнгөө буцааж өгөхөөр ирсэн байна.

СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр ирэхдээ тэд эл асуудлаа хөндсөн боловч СЕХ-ны Ч.Содномцэрэн “Хуулийн дагуу сая төгрөг өгсөн учраас буцааж авах эрх зүйн үндэс байхгүй” гэдэг хариулт өгсөн байна.

Ямартай ч сонгуулийн тухай хуулийн 35-ын 34-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь СЕХ-нд бүртгүүлсэн бол СЕХ тус тус хүчингүй болгоно” гэж заалт бий. Иймд энэ хуулиа хэрэгжүүлэхийг тэд СЕХ-ноос шаардаж байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш