Хөх хотын Шинчэн дүүргийн Ардын Дунд шатны шүүхээс автомашины аккумулятор хууль бусаар хил гаргасан хэргээр есөн сарын хорих ялаар шийтгүүлсэн Монгол Улсын хоёр иргэн тус хотын Нэгдүгээр Урьдчилан хорих газар ял эдэлж дуусаад энэ сарын 26-нд суллагдлаа. Мөн энэ хэргээр нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн иргэн Э-г ар гэрийнхэнтэй нь уулзуулах ажлыг Хөх хот дахь ЕКГ-аас зохион байгуулав.
Дашрамд дурдахад, ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНХАУ-ын Эрээн, Хөх хотод ял эдэлж буй монголчуудаа эргэн, хотын болон хорих ангийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, зарим асуудлыг нааштай шийдүүлжээ. Тухайлбал, БНХАУ-тай хийж буй Ялтан солилцох гэрээг энэ онд багтаан эцэслэх, ингэснээр тодорхой тооны иргэнээ эх оронд нь шилжүүлэх, хугацаагүй ял эдэлж байгаа иргэдийн ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг цаг 30 минут байсныг нэг цаг болгосон гэх мэтийг дурдаж болох аж.