Ерөнхий сайд төрийн түгжрэл чирэгдэлгүй үйлчилгээг бий болгох чиглэлээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн арваад ажил хийсэн, гол нь мэдээллийн дэд бүтэц, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох явдал гэж үзсэнээ дурдаад буруу зөрүү юм хийсэн бол засаж залруулах, зөв зүйтэй эхлэлээ баталгаажуулж ажиллана гэдгээ хэллээ.
Тэрээр мэдээлэлдээ эхлээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр хийгдэж буй энэ чиглэлийн ажлын талаар товч танилцууллаа. Тухайлахад, Засгийн газар, яам, агентлаг, аймаг орон нутгийн мэдээллийг бүхэлд нь багтаасан zasag.mn цахим сайтыг хялбар, ойлгомжтой байдлаар хийсэн.
Иргэдээ сонсох “11 11 төв”:-Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-ийг байгуулан төрийн ажлыг олон нийтэд ил тод болгох, иргэдийг төрийн байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж, төрийн байгууллагад хандах хандлагыг өөрчлөн нээлттэй болгох анхны чухал алхмыг хийсэн. Засгийн газрын “11 11 төв” нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 67200 гаруй хандалтыг 10 сувгаар хүлээн аваад байна. Энэ хугацаанд иргэд, олон нийтээс санал хүсэлт 49840, гомдол 9410, шүүмжлэл 5512, өргөдөл 165, талархал 825-ыг хүлээн авчээ. Дээрх санал, хүсэлтийн хариуг Ерөнхий сайд, Шадар сайд, яам, агентлагуудаас шуурхай өгч байгаа бөгөөд нийт хандалтын 75.7%-д хариу, тайлбар өгсөн байна. Иргэдээс ирүүлж буй хандалтыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, улсын бүртгэлийн асуудлаар түлхүү хандсан судалгаа гарчээ.
“Шинэчилж шийдье-222”: Иргэнээсээ хол, хаалттай, эрх мэдэлтэнд илүү ээлтэй байсан төрийн аппаратын хүнд суртлыг халах, шат бүхэнд нь өөрчлөх, албан тушаалтанд хариуцлага тооцох, олон нийт чөлөөтэй хянадаг байхад зориулсан ажлуудыг тогтмолжуулахын тулд “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийг сар бүрийн хоёр дахь 7 хоногийн Мягмар гаригт нийтдээ 11 удаа зохион байгуулсан. Мөн цаг алдаж, мөнгө үрэхгүйгээр мэдээллийн технологи ашиглан улсын нийслэлээс орон нутгийн удирдлагуудтай нүүр харж ярилцдаг “Аймгийн цахим хурал”-ыг сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гаригт /нийт 15 удаа/, яам, агентлагийн удирдлагуудтай нэг дор цахимаар холбогдож, тулгамдсан асуудал, бэрхшээлээ хэлэлцэж шийддэг, алдаа оноогоо шүүн дэнсэлдэг “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” хурлыг сар бүрийн сүүлийн 7 хоногт зохион байгуулдаг болсон /нийтдээ 12 удаа хуралдсан/, Ерөнхий сайдын санаачилгаар 33 оронд суугаа ДТГ-ын тэргүүн нартай видео хурлыг хоёр удаа хийсэн. Тус хурлаар хилийн чанадад хөдөлмөрлөж, суралцаж, оршин сууж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгыг дэмжих, өндөр боловсрол эзэмшсэн иргэдээ татах талаар ярилцсан тухайгаа хэллээ.
Дараа нь тэрээр Мэдээллийн технологи, шуудан, харилцах холбооны газар дээр хийгдэж буй ажлуудын талаар танилцуулав.
Төрийн үйлчилгээний цахим машин: 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод 17 ширхэг цахим машин байрлуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар эдгээр машинаар давхардаагүй тоогоор 50847 иргэн 66088 удаа үйлчлүүлжээ. Өдөрт дунджаар 900-1000 хэрэглэгч үйлчлүүлж, ажлын бус цагаар 5096 үйлчилгээ, цайны цагаар 7219 үйлчилгээ авдаг байна. Төв шуудан (К015), Тэнгис кино театр (К003), УБТЗ өртөө буудал (К017)-нд байрладаг ТҮЦ машинаар иргэд ихээр үйлчлүүлдэг байна. ТҮЦ машинаас иргэд хорооны тодорхойлолт, гэрлэлт, төрсний гэрчилгээ, татварын лавлагаа, хэвлэл захиалга, цахилгааны төлбөр төлөх зэрэг үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болсон. Удахгүй аймаг бүрийг ийм машинтай болгоно, нийслэлийн ачаалал ихтэй зарим цэгт нэмж машин байрлуулна. ТҮЦ машин байрлуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дараалал 40 хувь багасч, таван сарын хугацаанд нийтдээ 896 сая төгрөгийн хэмнэлт гарсан тооцоо гарсан гэдгийг дурдав.
Төрийн мэдээлэл солилцооны үйлчилгээ: Засгийн газрын 2012 оны 12 сарын 01-ний өдрийн 83 тоот тогтоолоор иргэдэд үйлчлэхтэй холбоотой мэдээллийн санг шилжүүлэн төвлөрүүлэх тогтоолоор нийт 64 байгууллагад мэдэгдэж ажилласнаас 38 байгууллагын мэдээлэл шилжин ирж, 7 байгууллага шууд холболтод хамрагдаад байгаа аж. 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журам”-ыг баталжээ. “Үндэсний дата төв” УТҮГ дээр төвлөрсөн мэдээллийн сангуудыг ашиглан төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/, замын хөдөлгөөнийг камераар хянан торгууль илгээх системүүд ажиллаж байгаа бол замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар төлөх цахим хуудас хийгдэж байгаа юм байна.
Мөн шуудангийн сүлжээг бодитоор бий болгож, шуудангийн хүргэлтийн өртгийг бууруулах, давтамжийг нэмэгдүүлж, түргэн шуурхай болгох эхлэл тавигдсан. Шуудангийн ложистик үйлчилгээний чиглэлийг эхний ээлжинд Замын-Үүд-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар-Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган гэсэн чиглэлээр тогтоон нэвтрүүлж эхлээд байгаа, ирэх оны эхний хагаст Замын-Үүд-Улаанбаатар-Хөвсгөл, Замын-Үүд-Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Баянхонгор гэсэн чиглэлүүдийг нээхээр төлөвлөөд байна. Уг үйлчилгээг эхлүүлснээс хойшхи 14 хоногийн хугацаанд Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд 20 удаагийн рейс эргэлтээр нийт 3227 ширхэг буюу 100 тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ үйлчилгээ нь иргэд, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байгаа бөгөөд тэдний хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлээд зогсохгүй нийт 6 аймгийн шуудангийн үйлчилгээний давтамж нэмэгдэн 7 хоногт 6 удаа хүрдэг болж, дээрх аймгийн ард иргэд өдөр тутмын сониноо тухайн өдөрт нь уншдаг болсон гэлээ.
Ерөнхий сайд мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэгжиж байгаа ажлын талаар товч танилцуулсан юм.
-Иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд үргэлжлүүлэн зохион байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдвэл зохих 16-аас дээш насны 2 062 062 иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, үүнээс 98.7% нь иргэний цахим үнэмлэхээ авсан байна. Үүнээс нийслэлд 854 464, орон нутагт 1 169 522, хилийн чанадад 38 076 иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагджээ.
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архив, хуулийн этгээдийн бүртгэлийн архив, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив эх материалыг цахимжуулах хүрээнд “Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим архив” төсөл хэрэгжүүлж байна. Улсын бүртгэлийн төв архивт 52 сая хуудас цаасан суурьт баримт байдгаас 2012 онд 6,03%-ийг, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 45%-ийг нь цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж.
-Банкны барьцаа хөрөнгийн лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага болон арилжааны банк хооронд шууд цахим хэлбэрээр дамжуулан олгож, хүлээн авдаг болсноор үйлчилгээний шат дамжлага, зардал буурч, иргэд, байгууллагын цаг, мөнгийг хэмнэсэн, үл хөдлөх эд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг илүү нээж өгсөн шинэлэг үйлчилгээ болж чадсан.
-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь ТҮЦ машинуудаар дамжуулан иргэний баримтын 6 төрлийн лавлагаа мэдээллийн үйлчилгээг 6 дугаар сараас хүргэж эхэлсэн. Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа мэдээллийг бүртгэлийн байгууллагын ажилтнаас бус ТҮЦ машинаас авах боломжтой болсон. Ингэснээр бүртгэлийн байгууллагын гурван үндсэн бүртгэлийн үйлчилгээний хоёр нь буюу иргэний, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг иргэд ТҮЦ машинаас авах боломжтой болж байгаа юм.
-Улсын бүртгэлийн өрөнхий газар нь төрийн байгууллагуудаас анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээний стандартыг бодит ажил болгон мөрдөж эхэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх орчин нөхцөл, төрийн албан хаагчдыг дохионы хэлний сургалтад хамруулах, үйлчилгээний байранд тэргэнцэртэй иргэн орох замыг бэлтгэх, үйлчилгээний танхимд байрлаж буй мэдээллийн самбар, зам, талбай, үйлчилгээний заал, өрөө тасалгааны тааз, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн гадаргуу, иргэдэд үйлчлэх цонхны тэмдэг, тэмдэглэгээ зэргийг стандартын дагуу хийж, байршуулан үйлчилгээ үзүүлж байна.
-Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн явцад хүнээс хамаарсан алдаа гарах эрсдэл үгүй болж, улсын хэмжээнд нэгдсэн тайлан гаргах, төвөөс бүртгэлийн явцыг хууль журмын дагуу явагдаж буй эсэхийг хянах зэрэг томоохон боломж бүрдэж байгаа юм. Цаашлаад банк, санхүү, нотариат гээд төрийн болон төрийн бус 11 байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд хандах боломж нээгдэж улмаар төрийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ.
-Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахаар иргэний дараалалд зарцуулах хугацаа 4-5 дахин, үйлчилгээний ачаалал хоёр дахин багассан. Хуулийн этгээдийн нэр олгох ажиллагаа иргэдэд хаалттай байдгаас болж учирдаг байсан хүндрэлийг шийдэж, нэр олгох харилцааг зохицуулах журмыг шинэчлэн нээлттэй болгосноор хуулийн этгээдийн нэр олгох ажиллагаанд байсан төрийн хунд суртал арилсан. Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг ажлын 5 хоногт бүртгэдэг байсныг 3 хоногт, данс нэмүүлэх, хаягийн өөрчлөлт, хугацаа сунгалт зэрэг хуулийн этгээдийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах зарим төрлийн үйлчилгээ 1-3 хоногт хийгддэг байсан бол одоо 10-15 минутад хийгддэг болсон.
-Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэл хөтлөхдөө иргэний бүртгэлийн лавлагааг иргэнээс шаардаж, иргэнийг нэг цонхноос нөгөө цонх руу, нэг хаалганаас нөгөө хаалга руу явуулдаг байсан явдлыг халж, зөвхөн нэг цонхноос үйлчилгээг хүргэдэг болсон. Орон нутгаас захиалж байгаа гадаад паспортыг 1 сарын дотор шийдвэрлэдэг байсныг өөрчилж, улсын бүртгэгч хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан шийдвэрлэдэг болсон гэдгийг танилцуулав.
Ерөнхий сайд энэ чиглэлээр Замын цагдаагийн газарт хийгдэж буй ажлын талаар дурдахдаа, замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчигч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, торгууль, шийтгэл хүлээлгэх ажилд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ил тод байдлыг бий болгох зорилгоор эхний ээлжинд нийслэл хотын Замын цагдаагийн газрын хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Замын хөдөлгөөний торгуулийг бэлнээр төлдөггүй систем” нэвтрүүлж тендерийн ажлын хүрээнд 400 ширхэг шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч, гурван ширхэг сервер, нэг ширхэг сүлжээний холболтын төхөөрөмж, нэг ширхэг сүлжээний хамгаалалтын төхөөрөмж, нэг хос шилэн кабелийн холболтын техөөрөмж, нэг ширхэг сүлжээний тохируулгын төхөөрөмжийг хүлээн авч ажиллаж байна.
Мөн бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой төхөөрөмж дээр ажиллах систем (жолоочийн бүртгэл, тээврийн хэрэгслийн бүртгэл, зам тээврийн ослын бүртгэл, эрэн сурвалжлалт, зөрчлийн бүртгэл, тасалбар хэвлэлт гэх мэт), суурин болон хөдөлгөөнт хяналтаар (автомашины компьютер дээр) ажиллах систем, нэгдсэн удирдлагын төв дээр ажиллах “Удирдлага, хяналтын систем”, иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх цахим хуудас, удирдпагын систем, мэдээлэл солилцооны нэгдсэн систем зэрэг програм хангамж, мэдээллийн системүүдийг бий болгохоор ажиллаж байна. Энэ ажиллагааг энэ оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Замын цагдаагийн алба хаагчид төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа зөөврийн гар компьютерээр жолоочийн үнэмлэхийг шалгаж, дотор нь бичигдсэн мэдээллийг унших, мэдээлэл бичих, гаргасан зөрчил, ногдуулсан торгууль, түүнийг төлсөн байдал, цаашилбал автомашины татвар, даатгал, үзлэг, оношлогоо, хяналтын камериудаар илрүүлсэн зөрчлийн байдлыг хүртэл шалгах боломж бүрдэх юм гэлээ.
Ерөнхий сайд нээлттэй, ухаалаг төр рүү хийх цаашдын ажлын талаар хэлэхдээ, одоогоор манай улсын 171 сум интернэтэд холбогдсон, одоо 100 сумыг холбохоор ажиллаж байна. Ингэснээр хөдөөгийн иргэн бүрт төрийн мэдээллийг шуурхай хүргэх боломж бүрдэх юм.
-Эрүүл мэндийн цахим үнэмлэх нэвтрүүлэх чиглэлээр тусгай баг гараад ажиллаж байгаа. 2016 он гэхэд эмнэлгийн хүлээлгийн дарааллыг 40 хувь хүргэж бууруулна, бүртгэлийг нэг минутад хийдэг болно, иргэн бүрийг эрүүл мэндийн цахим дэвтэртэй болгоно.
-Нэгдсэн төлбөр тооцооны систем нэвтрүүлж, зайнаас төлбөр тооцоо хийдэг болох, гар утас, интернэт, мөнгөний машинаас төлбөр тооцоо хийдэг системийг улам өргөжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Ухаалаг шуудангийн хайрцгийг ирэх оны нэгдүгээр сарын 15 гэхэд Улаанбаатар хотод 20 цэг дээр байршуулна. Нэг цэгт 50 хайрцаг байх бөгөөд хайрцагны хэмжээ нь адилгүй, тусгай кодтой, түүгээр нь иргэд үйлчилгээгээ авдаг байх юм.
-Шилэн дансны аргыг нэвтрүүлж, төрийн бүх байгууллагын шилэн дансыг иргэд хянадаг болгоно.
-Төрийн мэдээллийн нэгдсэн дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна. Энэ чиглэлээр Ерөнхий сайдын дэргэд Мэдээллийн технологийн зөвлөл гэж энэ талын өндөр мэдлэг, боловсролтой залуучууд ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийг төлөөлж гишүүн Д.Лүндээжанцан үг хэлж, гишүүн Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа, Сү.Батболд нар Ерөнхий сайд болон салбарын сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.