logo
Хөгширч биш хөшиж....

Хөгширч биш хөшиж....

2013/12/02

60 гарсан хойноо ч дасгал хөдөлгөөн хийж эхэлснээр өвчлөл, сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Английн "British Journal of Sports Medicine" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд тэтгэврийн насны болон тэтгэвэртээ гарах дөхөж буй 3500 эрүүл хүнийг хамруулжээ.

Тэднээс дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн хүмүүс ирэх 8 жилийн хугацаанд өвчин эмгэгээс ангид эрүүл байх магадлал хөдөлгөөн хийдэггүй үеийнхнээс нь 3 дахин өндөр байгааг тогтоосон байна. Тогтмол хөдөлгөөн нь зүрхний өвчин, саажилт, чихрийн шижин болон Алзхеймерийн өвчин тусах, сэтгэл гутралд орох эрсдлийг бууруулдаг ажээ. 60 гарсан ч дасгал хөдөлгөөнтэй "найзалсан" хүмүүс хувцас угаах, хувцас өмсөх гэх мэт өдөр тутмын ажлуудад түүртэх нь бага байдаг байна.

Нас дээр гарсан 3500 хүнийг 8 жилийн турш судалсны эцэст тэдний ердөө тавны нэг нь эрүүл буюу сэтгэцийн болон бие махбодийн хүнд өвчингүй гэж тодорхойлогджээ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг хүмүүс байсан байна. Дасгал хөдөлгөөн гэхээр заавал фитнессд явахыг хамруулж ойлгох шаардлагагүй бөгөөд үе үе салхинд гарах, дэлгүүр хэсэх нь ч мөн тустай гэнэ. Дашрамд дурдахад Их Британийн Эрүүл Мэндийн Яам бүх насанд хүрэгчдэд, тэр дундаа 65-аас дээш насныханд долоо хоногт нийт 150 минут хөдөлгөөн хийхийг зөвлөдөг ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш