logo
Алтны татвар өндөр байх нь далд наймааг газар авахуулах онцлогтой

Алтны татвар өндөр байх нь далд наймааг газар авахуулах онцлогтой

2013/12/02
Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар дамжуулж тухайн сарын хугацаанд геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд мэдээлдэг уламжлалтай. Уул уурхайн яамны хэмжээнд Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 171 ажлын хэсэг байгууллагдан ажилласнаас 78 ажлын хэсэг зорилгоо хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 93 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 86 ажлын хэсэг үүнээс бусад яамтай хамтарсан 7, Төрийн нарийн бичгийн даргын 7 ажлын хэсэг ажиллаж байна. 

 

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа эрх зүйн баримт бичгүүд:
УИХ-ын намрын чуулган, Байнгын хороодын хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”, “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн төсөл, “Газрын тосны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцүүлж байна. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Геологи, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбогдсон дээрх эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аар батлуулсны дараа тэдгээрийг сурталчлах, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам болон салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэгийг УУЯ-аас 2014 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү хэлэлцүүлгийг угтаж дэд хэлэлцүүлэг буюу сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд ч зохион байгуулагдана. Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэг дээрхи хэлэлцүүлгийг амжилтад хүргэхэд чухал үүрэгтэй гэдгийг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна.
“Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл:

Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарт хуулийг дээдэлсэн, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд монгол орны нутаг дэвсгэрт олборлосон алтны худалдааг зохицуулах эрх зүйн орчинг сайжруулахаар “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төслийг Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам болон мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтдийн төлөөллийг оролцуулан боловсруулж Засгийн газраас УИХ-д өргөн бариад хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

Монгол Улс 2005 онд буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхад албан ёсны статистик мэдээллээр түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 24 тн алт олборлож байсан бол “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойш алтны олборлолт жил дараалан буурч, 2012 онд 6 тн хүрэхээ больж, 4 дахин буурсан байна.
Алтны зах зээлийн үнэ өсөөд байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь “Гэнэтийн ашгийн албан татварын хууль” батлагдсанаар татвараас зайлсхийвэл хууль бусаар олборлосон алтны хэмжээ нэмэгдсэн, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль гарч, энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 6 дугаар сарын 05-д Засгийн газрын 194-р тогтоол гарснаар, энэ хуульд хамрах талбайн хэмжээ нэмэгдэж 1336 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн 2011 оноос ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн ( роялти) тухай хууль хэрэгжиж эхэлснээр борлуулалтын орлогоос 10 хувийн төлбөр авахаар болсон ба энэ нь ашгаас тооцвол 30 орчим хувь болох юм. Энэ байдлаас шалтгаалж татвараас зайлсхийх, банкинд барьцаалж орхих зэрэг сөрөг үзэгдлүүд бий болсон. “Гэнэтийн ашгийн албан татварын хууль” батлагдахаас өмнөх 4 жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн болон хүчингүй болсон 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна. Эндээс "алт бол татвар өндөр байгаа тохиолдолд далд наймааг газар авахуулах онцлогтой эрдэнэс" гэдэг нь ойлгогдох болов уу.

“Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийг батлуулахтай холбогдуулан алтны нөөц ашигласны төлбөрийг Монголбанкинд алтаа тушаавал 2.5 хувиар тооцох, үгүй бол 5 хувиар тооцох, хуулийн хэрэгжих хугацааг 5 жил байх ( энэ хугацаанд зэс хайлуулах уйлдвэр барих) зэрэг зорилготой “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хамтад нь боловсруулсан болно. Хуулийн төсөл батлагдсанаар агуулгын хувьд "олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт нэмэгдэж, алтыг монгол төгрөгөөр худалдан авах боломж бүрдсэнээр гадаад валютын нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжиж, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, хадгаламж, хуримтлалын хэмжээ өсч, мөн иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой өсөх, бодит эдийн засгийг хөгжлийг дэмжих мөнгө, санхүүгийн орчин бүрдэнэ гэж үзсэн болно.
Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд улсын төсөвт жил бүр орох татвар, хураамжийн хэлбэрээр орох орлого 40-50 сая ам.доллароор буурах боловч банкин дахь алтны болон валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоо гарч байна. Хууль хэрэгжих 5 жилийн хугацаанд 8.5-10.0 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох тооцоо гарч байна. Энэ бол том амжилт. Эндээс хөгжилтэй орнуудын алтны нөөц АНУ-д 8.1 мянган тн буюу 15.8 тэрбум ам.доллар, Герман 2.4 мянган тн буюу 3.4 тэрбум ам.доллар, Франц 2.6 мянган тн буюу 2.6 тэрбум ам.доллар, Хятад 1.0 мянган тн 0.6 тэрбум ам.доллар байна. Энэ хууль нь аль нэг компанид зориулагдаагүй. Мөн энэ хуулийн төслийг ЭЗХЯ, Монголбанк, Уул Уурхайн яам хамтарч бэлтгэн Засгийн газар дээр нэгдсэн саналд хүрснээр УИХ-д өргөн барьсан. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах учиртай.
Энэ хууль төслөөрөө батлагдвал Оюутолгой ХХК ч бусад компаниудтай адилхан алтаа Монголбанкинд биет болон биет бус хэлбэрээр худалдвал 2.5 хувийн роялтийг хууль хэрэгжих энэ 5 жилийн хугацаанд төлнө. Монголбанкинд алтаа худалдахгүй тохиолдолд 5 хувийн роялти төлөөд явна гэсэн уг. Яагаад биет бус хэлбэрээр гэж байна вэ гэхээр санхүүгийн үүсмэл хэрэгслийн нэг "Futures" хэлэлцээрийг ашиглан зэсийн баяжмалтай хамт гарч байгаа алтыг биет бус хэлбэрээр худалдан авах боломж байгаа юм. Энэ хуулийн хэрэгжих 5 жилийн хугацаа дуусмагц бүх компаниуд 5 хувийн роялти төлөх болно. Гадаад улсын алтны нөөц ашигласны татвар бага байдаг нь энэ салбарт татварыг зөв зохистой тогтоохын ач холбогдлыг илтгэж байна. Тухайлбал: Хятад улс 2 хувь, Бразил 2 хувь, Энэтхэг 2.5 хувь, Индонези 4 хувь байдаг байна.
Хуулийн төсөлд Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нилээд чангатгаж тусгасан байгаа.

Салбарын гадаад хамтын ажиллагаа:
Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар уул уурхайн салбарт 3 санамж бичиг байгуулсан. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр манай яам тодорхой хамтын ажиллагааны ажлуудыг авч хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал
1. Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд байгуулсан Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Уул уурхай яам дээр Ажлын хэсэг байгуулагдсан. Цаашид Хятадын талтай хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна.
2. УУЯ-ны харьяа Газрын тосны газар, Хятадын Петро чайна интернэйшнл компанийн хооронд байгуулсан Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд уг өргөтгөл 12 дугаар сарын эхээр үйл ажиллагаанд орж Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлэх боломж нээгдэх юм
3. Монгол Улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж Монгол Улсын “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК компаниуд, Хятадын “Шенхуа Энержи” компанитай ирэх 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх төлөвлөгөө гарган хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Монгол, Хятадын нүүрсний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Түншлэл-2013” сэдвээр хамтарсан хуралдааныг ирэх сарын эхээр зохион байгуулахаар бэлтгэж байна.
Мөн эрдэс баялгийн салбарын Монгол, Оросын хамтарсан Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 25-ны өдөр боллоо. Улмаар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдаан ОХУ-ын Москва хотноо өнөөдөр /2013-11-27/ болж байна. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагваар ахлуулсан албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Энэ хурлаар хэлэлцсэн асуудлын талаар ирэх сард болох “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар тодорхой танилцуулах болно.
БНПУ-ын Ерөнхийлөгч 2013 оны 10 дугаар сарын 21-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр “Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичиг” байгуулсан. Уг тунхаг бичгийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Багануурын уурхайд Польш Улсын орчин үеийн техник технологи ашиглан туузан дамжуурга нэвтрүүлэх талаар судалгаа хийгдэж байна.
Мөн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгчийн Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Уул уурхайн сайд Өмнөд Африкийн Дэд ерөнхийлөгчтэй уулзаж нүүрснээс шингэн түлш, хий гарган авах чиглэлээр туршлага судлах, ӨАБНУ-ын “САСОЛ” компанитай хамтран ажиллах, боловсон хүчин бэлтгэх, уурхайн хаалт, байгалийн нөхөн сэргээлтийн талаар туршлага судлах, хамтарсан төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ярилцлаа.
Уул уурхайн салбарын статистик мэдээлэл:
Манай яам салбарын статистик мэдээллийг сар бүр гаргаж байгаа. 2013 оны эхний 10 сарын байдлаар авч үзвэл Зэсийн үйлдвэрлэл 622.3 мян.тн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3.089.0 мян.тн буюу 106 хувийн гүйцэтгэлтэй, Зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81.6 хувьтай байна. Харин нүүрсний үйлдвэрлэл 21.9 сая.тн буюу 75.7 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 205.2 тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай байна. Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 7746 кг-ийг олборлож 193.7 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 177.7 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 88.4 мян.тн буюу 191.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 29.9 тэрбум төгрөг буюу 92.9 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.4 тэрбум төгрөг буюу 99.6 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 1.3 сая төгрөг буюу 38.7 хувьтай байна. Газрын тосны газар нийт 135.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 114,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 131.7 тэрбум төгрөг буюу 113.3 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 3.4 тэрбум төгрөг буюу 230 хувийн гүйцэтгэлтэй байна.
Уул уурхайн сайдын 2014 оны төсвийн багцын орлого 250.08 тэрбум төгрөг болж өмнөх оноос 60.0 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зардал 24.99 тэрбум төгрөгөөр батлагдсан нь төсвийн хязгаартаа багтаж байна. Уул уурхайн яамны орлого, зарлагын харьцаа нь 10:1 байгаа нь улсын төсвийн орлого бүрдүүлэлтийг жилээс жилд нэмэгдүүлж, харин зарлага талдаа төсөвт үзүүлэх ачаалал бусад салбартай харьцуулахад доогуур үзүүлэлттэй байна.
Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Салбарын мэргэжлийн холбоодтой байгуулсан санамж бичгүүд:
Ер нь салбарын мэрэгжлийн холбоодтой салбарын харилцаанд оролцогч талууд Хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмуудыг мөрдөж ажиллах зорилготой санамж бичгүүдийг байгуулж байна. Үндсэндээ 8 зарчим байгаа.
1. Олон талын оролцоог хангах 2. Ил тод нээлттэй байх 3. Хуулийг сахин дээдлэх
4. Байгаль орчин, хүний аюулгуй байдлын өмнө хариуцлага хүлээх 5.Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах 6.Үр өгөөжтэй байх 7. Хүмүүнлэг, ёс зүйтэй байх 8. Дэвшилтэт технологид суурилсан байх.
Шинэчлэлийн Засгийн газраас нүүрс, алт, төмөрлөгийн салбарын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжлийн холбоодын оролцоог хангах, олон нийтэд салбарын талаарх үнэн зөв, бодитой мэдээллийг түгээх, харилцан мэдээлэл солилцох, холбогдох асуудлаар хамтран ажиллах зорилгоор санамж бичгүүдийг байгуулж байна. Тухайлбал, Уул уурхайн яам “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ хооронд Монгол Улсад алтны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, зохистой төлөвлөлтийн дагуу алтыг олборлох, баяжуулах, боловсруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэх, хуулийг дээдлэх, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Мөн Уул уурхайн яам, “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо” хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар дотоодын хэрэгцээг хангах, экспортод гаргах зорилгоор их хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэр барихаар ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжих, Төмөрлөг боловсруулах үйлдвэрийг тэргүүн ээлжинд барьж байгуулах ажлыг дэмжих, төмрийн хүдэр, баяжмалаар хангах, Стратегийн ач холбогдолтой түхий эд болох төмрийн хүдрийг урт хугацааны төлөвлөлтийн дагуу зохистой хүчин чадлаар олборлох, баяжуулах, экспортлох, Монголын төмрийн баяжмалын экспортыг хөгжүүлэх Хөтөлбөр”-ийг боловсруулах, Монголын төмрийн баяжмал, төмөрлөг бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэх юм.
Уул уурхайн яам болон “Монгол нүүрс ассоциаци”-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн зах зээл дээрх монгол нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
Мөн жоншны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.

34 уурхай шинээр ашиглалтанд орлоо
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш 34 уурхай, уулын үйлдвэрийг улсын комисс ашиглалтанд хүлээж авсан байна. Ашиглалтанд хүлээж авсан уурхайг эрдэс баялгийн нэр төрлөөр нь ангилбал дараах байдалтай байна. Үүнд:
1.Хар тугалганы хүдрийн баяжуулах үйлдвэр-1
2.Зэс алтны баяжуулах үйлдвэр-1
3.Нүүрс баяжуулах үйлдвэр-1
4.Fe хүдэр баяжуулах үйлдвэр-1
5.Жоншны уурхай-2
6.Нүүрсний ил уурхай-3
7.Алтны шороон орд-14
8.Алтны ил уурхай-2
9.Төмрийн хүдрийн ил уурхай-1
10.Галт уулын шаарга-1
11.Барилгын чулуу, дайрга-5
12.Тоосгоны шавар-2

“11-11” төвөөр дамжуулж иргэд 629 санал хүсэлт ирүүлсэн байна
Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд иргэдээс ирүүлсэн Уул уурхайн яаманд хамаарах асуудлын хүрээнд нийт 629 асуудал байгаагаас санал, хүсэлт 579, гомдол 29, талархал 1, шүүмжлэл 21 ирүүлснийг хүлээн авч хариу өгөн ажилласан
Шатахууны 34 хоногийн нөөцтэй байна
2013 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 38, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 35, ТС-1 23 хоногийн нөөцтэй байна.

Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд:
Эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын авахад бэлэн нүүрсний нөөц 11 дүгээр сарын 1-ний байдлаар:
1. Багануурын уурхай-450 мянган тонн
2. Шивээ-Овоогийн уурхай 420 мянган тонн
3. Шарын голын уурхай 150 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс их буюу 45 хоногийн нөөц юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш