Украйнд жагсаал цуглаан газар авч байгаа энэ үед тус улсын ерөнхий сайд Микола Азаров төрийн эргэлт гарч магадгүй байна гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Киев хот дахь Парламентын Ордныг эзлэхээр зэхэж байгаа талаар засгийн газар мэдэж байгаа гэж хэлсэн байна. Жагсагчид засгийн газрын гол байрыг бүсэлж, Европын Холбоотой харилцаагаа зузаатгахад чиглэгдсэн гэрээнд нэгдэхгүй байх шийдвэрийг эсэргүүцсээр байгаа юм. Ерөнхийлөгч Виктор Янакович жагсаал цуглаанаа тайван үргэлжлүүлэхийг иргэддээ уриалжээ. Даваа гарагт тэрээр ЕХ-той хамтрах гэрээний "зарим зүйл заалтын" талаар хэлэлцэх төлөөлөгчдийг илгээх хүсэлтийг Европын Комисст гаргасан байна. Европын Комиссийн ерөнхийлөгч Хосе Мануел Барросо түүний хүсэлтийг хүлээн авсан ч аль хэдийн урьдчилан тохиролцсон гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцээ хийхэд бэлэн, гэрээний талаар дахин хэлэлцээ хийхгүй гэж мэдэгджээ. Дашрамд дурдахад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украйнд болж байгаа жагсаалыг гадныхан өдөөж байна, энэ нь Украйны хууль ёсны эрх баригчдыг огцруулах гэсэн оролдлого гэж хэлсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/