Энэ оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зарим аймаг, хотод хүнсний талон хөтөлбөр хэрэгжих болсон. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэдэг шиг энэ ажил араасаа хэл ам дагуулах болсоор удаж байна. Дорнод аймгийн хэмжээнд л гэхэд 902 өрхийн 5300 гаруй иргэн энэ хөтөлбөрт хамрагдаж том хүн сард 10000, хүүхэд 5000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авдаг аж. Эдгээр айл өрхийн дийлэнх нь боломжийн амьдралтай төдийгүй хүнсний талон хөтөлбөрийн гол зорилгод огтхон ч нийцэхгүй байгаа талаар ард иргэд аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэст гомдлоо гаргаж, одоогоор 160 гаруй өргөдөл ирээд байгаа талаар тус хэлтсийн мэргэжилтэн ярив. Энэ хэл ам чухам юунаас үүдэлтэйг сонирхвол, Монгол Улсын Их Сургуулийн судалгааны баг энэхүү хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгааг гаргах тендерт ялснаар нэлээд өндөр өртгөөр судалгаа хийх эрхийг олж авчээ. Ингээд судалгааны багийн гэх 10 шахам хүн Дорнод аймагт ирж, өнгөрсөн долдугаар сард 20 гаруй оюутныг өдрийн 5000 төгрөгөөр цалинжуулан судалгаа хийлгэсэн юм байх. “Хэдэн хүн амтай?”, “Гэрт амьдардаг уу?” гэсэн цөөхөн хэдэн асуулга тавьж үнэлгээ хийснээ тэд олон улсын жишиг мэтээр тайлбарладаг гэнэ. Олон ам бүлтэй л бол ядуу гэсэн ойлголт манай орны хувьд яавч таарахгүй. Гэтэл ард нь бүрэн хараагүй, хэлгүй, дүлий хоёр гурван хүн амтай нэн ядуу өрх энэ хөтөлбөрт хамрагдаагүй байх жишээтэй. Таван ам бүлтэй ч хоёр нь тэтгэвэр, хоёр нь халамж авдаг , за тэгээд мянгат малчных, машин унаатай, мал хуйтай айлууд 5-аас дээш ам бүлтэй гэсэн шалгуурт нь тэнцэж хүнсний талон хөтөлбөрт хамрагдчихлаар ард нь үлдсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бухимдахаас яалтай. Аймаг орны ард иргэдийн амьдрал аж байдлын талаар “а” ч үгүй хүмүүс ирээд судалгаа хийсэн нэр хэмээгээд явсанаас үүдэлтэй энэ ажлыг эргэж харахгүй бол болохгүй нь.
Яагаад гэвэл, манай улсад туршилтын журмаар цөөхөн аймагт хэрэгжиж, цаашид халамжийн хуулинд хуульчлагдаж орох учраас туршилтын хугацаанд болж бүтэхгүй байгаа зүйлээ дариу засч залруулж, ядаж л судалгааны багт нь баг, хорооны иргэдээ гарын арван хуруу шигээ мэддэг хүмүүсийг оруулж, иргэдийн төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн баг ч ажиллуулж болмоор санагдана.
Б.Туяа
Яагаад гэвэл, манай улсад туршилтын журмаар цөөхөн аймагт хэрэгжиж, цаашид халамжийн хуулинд хуульчлагдаж орох учраас туршилтын хугацаанд болж бүтэхгүй байгаа зүйлээ дариу засч залруулж, ядаж л судалгааны багт нь баг, хорооны иргэдээ гарын арван хуруу шигээ мэддэг хүмүүсийг оруулж, иргэдийн төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн баг ч ажиллуулж болмоор санагдана.
Б.Туяа