МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилж байна. Энэ удаагийн айлчлал МАН-ын 90 жил, Хятадын эрх баригч намын 90 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Монгол- Хятад хоёр улс 1949 оны 10 сарын 16-нд дипломат харилцаа тогтоосноор Монгол ардын нам, Хятадын коммунист намын хамтын ажиллагаа эхэлжээ. Энэ жил 2 намын аль алиных нь 90 жилийн ой тохиож байна. МАН 1921 оны 3-р сарын 1-нд байгуулагдсан бол Хятадын эрх баригч хүчин мөн оны 7-р сарын 1-нд үүссэн байдаг. МАН-ын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын зорилго нь намуудын 90 жилийн ойд зориулсан онол практикийн бага хуралд оролцож, Хятад улсын бүтээн байгуулалттай танилцахад чиглэж байна. Онол практикийн бага хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар илтгэл тавина. Хоёр улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, Зүүн хойд азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хэрхэн оролцох, намын байгууллагын үйл ажиллагаа, амжилт, сургамж зэрэг чиглэлээр ярилцахаар төлөвлөжээ. Өчигдөр МАН-ын төлөөлөгчид ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотын хөгжлийн төлөвлөлтийн үзэсгэлэн үзэж сонирхов. 6480 метр квадрат талбай бүхий энэ үзэсгэлэнд Өвөрмонголын гурван том хот болох Хөх хот, Бугат, Ордосын хөгжлийг хэрхэн төлөвлөж ажил хэрэг болгон явж байгааг бодитоор харуулсан зурагт хуудас, дүрс бичлэг, макет, компьютер график гээд бүхий л аргыг ашиглан харуулжээ. Ингэхдээ 2400 жилийн өмнөх үед Өвөрмонгол улс ямархан нөхцөл байдалтай байснаас эхлээд өнөө үе, угтах ирээдүйн дүр зургийг ч багтаасан байна Мөн төлөөлөгчид Хөх хот дахь Их зуугийн хийдэд зочилжээ. Ийм нэртэй 2 хийд байдгийн нөгөө нь Лхаст байдаг аж. Шарын шашны урсгалын энэ хийдэд Монгол Төвд хэлтэй лам нар шавилан суудаг бөгөөд хийдийн хамба нь Өвөр Монголын өөртөө засах орны коммунист намын улс төрийн зөвлөлийн байнгын хорооны гишүүн юм байна. Хийдийн лам нар зочдыг шар хадаг дэлгэн угтаж, бүр мандал өргөж хүндэтгэл үзүүлсэн. Дашрамд хэлэхэд манай Гандан хийдийг очиж үзэхийг хүсдэг лам нар энд цөөнгүй. 1579 онд байгуулсан энэ хийд соёлын хувьсгалын шуурганд өртөж эвдэж сүйтгэгдсэн ч дахин сэргээгдсэнээр одоо сүсэгтэн олон болон гадна дотнын жуулчид ирж очдог их хөлийн газар болжээ. Энэ өдөр мөн Өвөр Монголын музейтэй танилцлаа. Музей үүднээсээ эхлээд л үлэг гүрвэлийн араг ясаар бийлэгжүү гэдгээ илтгэсэн үзмэрүүдээ өрсөн байв. Азийн хамгийн том үлэг гүрвэлийн олдвор эднийд байдаг. Дийлэнх нь 1980-аад оны археологийн ажлын үр дүн гэж танилцуулжээ. Төлөөлөгчдийн айлчлалын албан ёсны хэсэг буюу хоёр намын хамтарсан онол практикийн бага хурал өнөөдөр эхэлнэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан айлчлалын бүрэлдэхүүнд намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд, Ч.Хүрэлбаатар, Х.Жекей, Т.Бадамжунай, Г.Мөнхбаяр, Д.Сарангэрэл, Ж.Цолмон нарын 20 гаруй төлөөлөгч оржээ.
Ш.Чимэг
Ш.Чимэг