logo
Архигүй өдөр 114 хүн эрүүлжүүлэгджээ

Архигүй өдөр 114 хүн эрүүлжүүлэгджээ

2011/09/03
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 114 хүн эрүүлжүүлэгдсэнээс Баянгол дүүрэгт хамгийн олон хүн эрүүлжүүлэгдсэн байна.  Сар бүрийн эхний  өдөр архи, согтууруулах ундаа худалдах буюу түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гараад удаж байгаа ч эл өдөр дүүргүүдийн эрүүлжүүлэх байрны ачаалал багассангүй. Эл тогтоол хэдхэн сарын настай байсан бололтой. Ер нь сүүлийн үед архидан согтуурахтай холбоотой хулгай, танхайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Тиймээс иргэдийг согтууруулах ундааг зохистой хэрэглэж гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхээс гадна орон байрны хулгайгаас болгоомжилж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Үүнээс гадна хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгаас хүүхдүүдээ сургуульд оруулах гэж ирсэн хүмүүсийн урсгал ихсэж байна. Үүнийг далимдуулан хулгайн хэрэг гарах нь ихэссэнээс гадна  оюутны нийтийн байранд оруулж өгөх нэрийдлээр иргэдийг залилах хэрэг гарч байгаа гэнэ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, бусдад эд зүйлээ алдахаас сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Түүнчлэн, өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн хагаст гэмт хэргийн 38 зөрчил илэрсэн бол хичээлийн шинэ жилийн эхний өдөр 43 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Үүний хоёр нь нийслэлийн Налайх дүүргийн уурхайд гарсан бөгөөд иргэд агааргүй орчинд орсноос амиа алдсан байна. Мөн 21 настай иргэн Хэнтий аймгийн уурхайд шороонд дарагдан амиа алджээ.

А.Зул
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш