logo
Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаар сайд нарын бага хуралд оролцож байна

Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаар сайд нарын бага хуралд оролцож байна

2013/12/20

Тайландын нийслэл Бангкок хотноо 12 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Сайд нарын бага хуралд Монгол Улсаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Тус хуралд бүс нутгийн 20 гаруй орон төр, засгийн тэргүүн, сайдын түвшинд оролцож байгаа бөгөөд хурлын эхэнд Монгол Улсын санаачилгаар Самао Улсын Сангийн сайд ноён Фаумуина Тиатиа Льюга бага хурлын даргаар санал нэгтэй сонгов.

Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-оос зохион байгуулж буй уг хурал нь эл асуудлаарх Сайд нарын түвшний анхны уулзалт, мөн Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх Сайд нарын анхны уулзалтын 50 жилийн ойн дээр болж буйгаараа онцлог юм. Хагас зууны өмнө болсон Сайд нарын хурлын үр дүнд Азийн хөгжлийн банк байгуулагдаж байсан бол Ази, Номхон далайн 35 орны төлөөлөгч оролцож буй энэ удаагийн Сайд нарын хурлаас “Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Бангкокын тунхаглал”-ыг батлахаар хэлэлцэж буйн зэрэгцээ бүс нутгийн хэмжээний дэд бүтцийн томоохон сан байгуулах зэрэг анхаарал татсан санал санаачилгыг гишүүн орнууд дэвшүүлэн хэлэлцэж байна. 

Сайд нарын хурлын өмнө энэ оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд болсон бэлтгэл хурал болон 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон Ахлах албан тушаалтны хуралд манай холбогдох яамдын мэргэжилтнүүд оролцож, Бангкокын тунхаглалын төсөлд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах болон далайн боомт хүртэлх транзит тээврийг хөнгөвчлөх зэрэг саналыг тусгасан юм. 

Дэд сайд Д.Ганхуяг тус хурлын Ерөнхий санал шүүмжлэл дээр үг хэлж эдийн засгийн интеграцчлалын төлөөх бүс нутгийн орнуудын санал санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж байгааг илэрхийлэв. Тэрээр эдийн засгийн үсрэнгүй өсөлт нь Монгол Улсад олон боломжийг авчирч байгаа боловч хууль эрхзүйн орчныг сайжруулах, авлига ба хүнд суртлыг бууруулах, уул уурхайн салбараас орж орлогыг буй ард иргэдийн амьдралд хүртээмжтэй болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, ур чадвартай ажиллах хүчний дутагдлыг арилгах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гээд чухамдаа бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын үрээр бид үндэсний эдийн засгийн өсөлтийн давуу ба сул талаас урган гаргах олон асуудалд зохистой шийдэл олж чадна хэмээн итгэж байна гэв.

Мөн Монгол Улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар дурдаж, уг олон талт гэрээнд нэгдэн ороогүй байгаа далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг хамтран ажиллахыг уриаллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш