logo
МАН-ын бүлэг төхөөрөмж шалгуулах асуудлаар ТЕГ-т хандлаа

МАН-ын бүлэг төхөөрөмж шалгуулах асуудлаар ТЕГ-т хандлаа

2013/12/20
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр маргаан үүсгэсэн хурууны хээгээр ирц бүртгэх төхөөрөмжтэй холбоотой асуудлаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газар /Т/ЕГ/-ын дарга Б.Ариунсанд хандан албан тоот илгээлээ. Ингэхдээ төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай шалган тогтоож хариу ирүүлэхийг хүссэн байна. 
Хурууны хээгээр ирц бүртгэх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан асуудал болж байгааг зарим гишүүд нэгдсэн хуралдааны эхэнд илэрхийлж, төхөөрөмжийг гишүүдийн саналын дагуу шалгаж үзсэн юм. Шалгалтаар төхөөрөмж ноцтой алдаатай, хэвийн бус ажиллагаатай болох нь тогтоогдсон. Тухайлбал, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын өмнө байдаг ирц хянадаг компьютер, МАН-ын бүлгийн даргын микрофон ажиллахгүй, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Батхүү нарын санал эсрэгээр гарч, нэгдсэн хуралдаанд ирсэн 10 эмэгтэй гишүүн санал өгөхөд 17 гэж тоо зөрөх алдаанууд гарсан юм. 
 Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн, хөндлөнгийн аюулгүй байдлын баталгаа хангагдсан нөхцөлд явах ёстой. Гэтэл энэхүү аюулгүй байдал алдагдаж байгаа учир төхөөрөмжийг шалгуулахаар ТЕГ-т хандаад байна. Мөн төхөөрөмжтэй холбоотой асуудлаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш