logo
Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталлаа

Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталлаа

2013/12/30

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Засгийн газарт даалгасан юм.

Энэ дагуу "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

"Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-д тусгасан 19 зорилтын хүрээнд 28 арга хэмжээ хэрэгжүүлэхээр энэ төлөвлөгөөнд тусгажээ. Ингэхдээ салбарын яам, агентлагийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг ангилан салгаж, зөвхөн Засгийн газрын эрх хэмжээнд шийдвэрлүүлэх шаардлагатай заалтуудыг төлөвлөгөөнд оруулжээ. Тухайлбал, олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц, протоколуудад нэгдэх, шинээр эрх зүйн зохицуулалт бий болгох, иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүд батлах, энэ салбарт татварын хөнгөлөлт үзүүлэх, нөхөн олговор олгох, хөнгөлөлттэй зээл, тусламж олгох зэрэг асуудлууд төлөвлөгөөнд багтсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш