logo
Монгол Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2013/12/30

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ой өнөөдөр /2013-12-28/ тохиож байна. Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яам бүхий анхны Засгийн газар байгуулагдаж байсан энэ түүхэн өдрийг тохиолдуулан Төрийн ордны хойд цэцэрлэг дэх Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ “102 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшил, бизнесийн боломж, гэгээлэг ирээдүйтэй улс орон болсон байна.

Улс оронд маань хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа ч  Монгол орон хөгжин дэвших их боломж байгаад бид итгэлтэй байна. Гэхдээ үнэлшгүй өндөр үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолыг өнөөгийн бид хайрлан хамгаалж, хүндлэн дээдлэж явах учиртай. Улс оронд тусгаар тогтнолоос илүү эмзэг чухал зүйл гэж үгүй.

Манай орны тусгаар тогтнолын хамгийн чухал амин сүнс нь Монгол хүн юм.

Монгол хүн бүрийн саруул ухаан,  эрүүл мэнд, эрдэм боловсрол, хичээнгүй хөдөлмөрт  тусгаар тогтнол оршиж байдаг. Тиймээс Монгол хүн бүр хүн шиг амьдарч, Монгол орон улс шиг хөгжих нь тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх хамгийн чухал үндэс билээ.

Өнөөдөр Монгол хүн ямар байна Монголын тусгаар тогтнол яг л тийм байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн зүйр үг байдаг.

Монголын төлөө цохилох зүрх бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн мэнд хүргэе” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш