Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Инженерийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ.
Инженерийн мэргэжилтний хэрэгцээ шаардлагыг яамдын саналыг үндэслэн тодорхойлох, төслийн санхүүжилт, хэрэгжүүлэх үе шатыг Японы талтай тохиролцохыг БШУ-ны сайдад даалгалаа. Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих гэх мэт чухал бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн мэргэжилтнүүдийг энэ төслийн хүрээнд бэлтгэх боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.