logo
Монгол Улсын Ерөнхийлөгч шигшмэл бөхийн барилдааныг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч шигшмэл бөхийн барилдааныг нээж үг хэллээ

2013/12/30

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Энд хуран цугларсан бөхийн хорхойтнууд, ард иргэд ээ.

Өнөөдөр Монгол түмний мянгаар тоологдох, зуунаар тоологдох их түүхэнд хамгийн чухал баярын өдөр болж байна. Сүүлийн 100 жилд монголчууд магнай хагартлаа баярлаж, улс үндэснийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулж байсан. Одоогоос яг 102 жилийн өмнө Богд хаанаа хаан ширээнд нь залж, төрөө тунхаглаж, улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтгнолыг сэргээн мандуулсан юм. Ийм гайхамшигтай өвөг дээдсийнхээ их баяр бахархлыг энд хамтран тэмдэглэхээр, тэр хүмүүсийн Монголын ард түмний сайн сайхны төлөө бүтээсэн бүхэнд “Баярлалаа” гэж хэлэхээр бид энд хуран цуглаад байна. Та бүхэндээ баяр хүргэе.

Би жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд ирж энэ сайхан баярын бөхийг үзэхдээ маш их дуртай байдаг. Би монгол бөхөд маш их хайртай. Монгол бөх үзэх маш их дуртай. Бөхчүүд барилдаж байхад байнга телевизээ харж суудаг. Яг та нарын нэгэн адил монгол бөхөө бишрэн шүтдэг ийм хүн. Энд тийм монголчууд, тийм хүмүүсийн төлөөлөл хүрч ирсэнд би туйлын баяртай байна.

Ойрын өдрүүдэд шинэ жилээ тэмдэглэж, хуучнаар бол олон газар ёолк тэмдэглэж байгаа. Би ямар ч шинэ жил, ямар нэг ёолконд очдоггүй. Энэ барилдаан бол миний ёолк байгаа юм. Энэ бол миний  шинэ жил байгаа юм. Энэ бол та бүхэнтэйгээ хамтарч тэмдэглэж байгаа, та бүхэнтэйгээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа та бидний шинэ жил юм. Өнөөдөр бүгдээрээ шинэ жилээ сайхан тэмдэглэнэ. Хийморьтой, зоригтой сайхан бөхчүүдийнхээ барилдааныг үзэж монголчууд шинэ жилээ тэмдэглэнэ ээ.

Зуун жилийн өмнө, үеийн үед монголчууд ингэж шинэ оноо угтаж байсан байх гэж би бодож байна. Тийм учраас бид түүхт өвөг дээдсийнхээ их түүхээр бахархаж, манай эр зоригт, хийморьтой бөхчүүдийнхээ  хиймориор бахархаж шинэ жил, шинэ оноо угтах гэж байна. Энэ бол хамгийн сайхан бөхийн барилдаан. Бүтэн жил явж ирсэн манай нийт бөхчүүдээс хамгийн чансаа өндөртэй, байнга барилдаж ард түмнээ баярлуулж яваа 128 бөх цуглаж өнөөдрийн энэ барилдааныг хийж байна. Тийм учраас Монголын бөхчүүдийн сор болсон шилдэг нь цугласан сайхан наадам. Энэ наадамдаа зориулж Ерөнхийлөгчийн цом бүтээсэн. Мөн үүний хажууд үүрд хадгалагдах цом олгодог.

Ингэж бүгдээрээ шинэ оноо сайхан угтая. Ахмадуудынхаа сайхан түүхээр бахархая. Бөхчүүд минь ирэх жилийнхээ өнгийг энэ барилдаанаас тодорхойлно гэж итгэж байна. Цааш цаашдаа болох барилдаандаа манай бөхчүүд улам сайн барилдаж, улсын алдар цолонд улам олон бөх хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглүүлж, хүчит 128 бөхийн барилдаан эхэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш