Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу “Галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг энэ сарын 23-25-ны өдөр зохион байгуулжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан, “Цогт консалтинг” ХХК хамтран ерөнхий боловсролын 35, 58 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохиолоо.
Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч, галын аюул, хор уршгийн талаар мэдэх, гал гарч болзошгүй зүйлтэй болгоомжтой харьцах, цахилгаан хэрэгслийг зөв хэрэглэх мэдлэгтэй болох зорилготой сургалтуудыг явуулжээ.
Түүнчлэн баяр ёслолын үеэр хэрэглэдэг бингалын гал, салют, динамит зэрэг зүйл нь найдваргүй бөгөөд болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч болзошгүй, гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, галын дуудлагыг хаана хандаж мэдэгддэг талаар мэдээлэл олгожээ. Сургалтад нийт 1200 гаруй сурагч, багш хамрагджээ.