logo
Төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл хангахыг даалгалаа

Төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл хангахыг даалгалаа

2013/12/30

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэлийг оны эхний хоёр сард багтаан хангахыг Засгийн газрын хуралдаанаас яам, агентлагуудад үүрэг болголоо.

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг 2014 оны 2 дугаар сарын 1-ний дотор эцэслэж бэлэн болгоно. Үүний тулд төлөвлөгөөнд багц дүнгээр туссан ажил тус бүрийг байршил, хүчин чадал, санхүүжих дүнгээр нь нарийвчилж 1 дүгээр сарын 5-ны дотор, орон нутаг, харъяа агентлаг руу эрх шилжүүлэх арга хэмжээний саналыг 1 дүгээр сарын 7-ны дотор тус тус гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэх үүргийг Төсвийн Ерөнхийлөн захирагчдад өглөө. Түүнчлэн, орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний бэлтгэлийг 1 дүгээр сард багтаан хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Бэлтгэл нь хангагдсан төслүүдийн худалдан авах ажиллагааг оны эхнээс шуурхай зохион байгуулах, барилгын ажлыг 4 дүгээр сарын 1-нээс хоцроолгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш