Хятадын хууль тогтоох дээд байгууллага Нэг Өрх – Нэг Хүүхэд бодлогын хориг хязгаарлалтуудыг хөнгөвчлөх тогтоолыг албан ёсоор хүлээж авсан гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Тодруулбал Улс Төрийн Товчооны Байнгын Хороо эцэг эхийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн тогтоолыг баталсан байна. Үүнээс гадна хөдөлмөрийн лагерьт хүмүүжил олгох практикийг халах саналыг Байнгын Хороо дэмжин баталжээ.
Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг зарлахаас өмнө буюу өнгөрөгч 11-р сард ХКН-ын Төв Хорооны 3-р Бүгд Хурал болж өнгөрсөн юм. 6 өдөр үргэлжилсэн энэ хурлын дараа зарласан шинэчлэлтүүдийг Хятадын зарим бүс нутгуудад аль хэдийн туршаад амжсан бөгөөд тэдгээрийг албан ёсоор хэрэгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын зөвшөөрөл шаардлагатай байжээ. Гэхдээ Нэг Өрх – Нэг Хүүхэд бодлоготой холбоотой шинэчлэлтүүдийг аажмаар хэрэгжүүлнэ гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд хэрэгжилтэн дээр мужийн засаг захиргаа хүн амзүйн байдалдаа уялдуулсан шийдвэрийг гарган ажиллах ажээ.
Хятадад төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд төрөлтийн түвшин 1.5 байгаа нь Тайвань, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөрш орнуудынхаас өндөр үзүүлэлт болж байна. Сонирхуулахад Нигер улсад төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу 7 байдаг бол Энэтхэгт 2.55, АНУ-д 2.06 байдаг ажээ. Манай урд хөршид хөдөлмөрийн насныхны хүн амд эзлэх хувь хэмжээ буурч байгаа бөгөөд 2050 он гэхэд тус улсын хүн амын 25 гаруй хувийг 65-аас дээш насныхан эзэлнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаад байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/