Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг санаачлан зохион байгуулж, уг уулзалтаар нэгдсэн бодлого, хяналт, хариуцлага үгүйлэгдэж буйөнөөгийн Том төрөөс ангижирч, хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх чадвартай, дэвшилтэт технологийн сүлжээ, мэдээллийн тогтолцоонд тулгуурласан, нээлттэй, тунгалаг, шуурхай, хүртээмжтэй, мэдлэг дээдэлсэн, хуулийн засаглалтай ухаалаг төрд шилжих саналыг дэвшүүлэн тавьсан юм.
Төр аж ахуйн бүхий л үйл ажиллагаанд хутгалдан орсон өнөөгийн байдлыг залруулж төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлэх үүднээс төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт тусгажээ.
Уг зорилтыг хэрэгжүүлэхэддараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж Засгийн газарт чиглэл болголоо. Үүнд:
- Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах;
- Хангарьд ордонг төр түрээсэлж дор дурдсанаас бусад агентлагийг тус ордонд багтаахаар зарлигт тусгажээ. Үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг үүнд хамааруулахгүй юм.
- Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах;
- Тус барилгад бүх яамдыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх;
- Энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруубал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж үзсэн байна. Засгийн газрын байгууллагууд нэг дор төвлөрснөөр төр иргэдэд ойр, хүртээмжтэй байхад чухал ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигт тусгажээ.
Энэхүү зарлигийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосон байна.
Зарлигийн бүрэн эхийг хавсаргав.