logo
Т.Энхболд: Ахмадуудыг  найман хувийн зээлээр хямд өртөг бүхий орон сууцтай болгох гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандсан,  дэмжих байх

Т.Энхболд: Ахмадуудыг найман хувийн зээлээр хямд өртөг бүхий орон сууцтай болгох гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандсан, дэмжих байх

2014/01/09

Дархан-Уул аймгийн ахмадууд хямд өртөг бүхий найман хувийн зээлд хамрагдсан орон сууцтай болох гэж буй тухай чимэгтэй мэдээ дуулдаж байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл  нийгэмд тустай энэ  бүтээн байгуулалтыг хийх “Сөгнөгөр хайрхан” ХХК  барилга барих зөвшөөрлөө авсан,  иргэдтэй байгуулсан гэрээ эрхзүйн бичгүүд ч  бэлэн болжээ. Харин ахмадууд болон компанийн  зүгээс  Засгийн газраас иргэддээ амласан орон сууцны хөнгөлөлттэй  зээлд эргэн төлөх нөхцлөөр  хамрагдах  гэсэн хүсэлтээ    хурдан  шийдэгдээсэй хэмээн хүлээж сууна.  Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн зүгээс  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох  салбарын сайд нар, төрийн болон төрийн бус байгууллагуудад удаа дараа хандаж  дэмжлэг хүсчээ.  “Судалж байна”, “Дэмжиж болох юм”  гэсэн хариу өгсөн ч  төрөөс иргэдээ орон сууцжуулах бодлого баримталж буй хүрээнд ахмадууд  хурдхан шиг орон сууцтай   болчих юм сан хэмээн яарч, бас бодитой бөгөөд тодорхой  хариу хүсч байгаа ажээ.  Дархан-Уул аймгийн удирдлагуудын хувьд бол ахмадуудынхаа хүсэлт, бүтээн байгуулалтын ажил аль алиныг нь дэмжиж байгаа гэсэн хариуг өгч байна. Ахмадуудын хувьд  асуудлыг одоо л шийдүүлэхгүй бол өвөл дулаахан боллоо. Бүтээн байгуулалтын ажил хавар эрт эхэлнэ хэмээн үзэж байгаа гэнэ.  Энэ талаар     “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболдтой ярилцлаа.

-Танай компани Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлттэй зээлийн хүрээнд найман хувийн зээлийг эргэн төлөх нөхцөлтэйгээр авч, Дархан-Уулын  ахмадуудыг   хямд өртөг бүхий орон сууцтай болгох санаачилга гарган  бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэсэн. Ямар шатандаа явж байна?
-Манай компани өөрийн эзэмшилд байгаа 3400 метр/квадрат газарт орон сууц барихаар зураг төсөв, техникийн нөхцөл бүрэн хийгдэж барилгын ажил  эхлүүлэх зөвшөөрлөө авсан.  Дархан-Уул аймгийн ахмадын хороотой хамтран Найрамдалын Дархан хотын  их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж ирсэн одоо гавьяаны амралтандаа сууж байгаа ахмад дайчин, өндөр настнуудад зориулж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахаар 2013 оны зургадугаар сарын 20-нд эргэн төлөх нөхцлөөр найман хувийн хүүтэй зээлд  хамрагдах  дөрвөлсөн гэрээ байгуулсан.
Ахмадын хороо, манай компани хамтран  аймаг, сумын ИТХ, Засаг даргад  хандсан. Ингэснээр Монгол Улсын  Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад албан  ёсоор хандаж, албан тоот  явуулсан байгаа. Барилгын  ерөнхий ажил эхэлж,  орон сууцны суурь тавигдсан. Одоо санхүүжилтийн ажил хүлээгдэж байна. Засгийн газар, салбарын яам, харъяа газрууд  дэмжиж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд энэ асуудалд  анхаарч  эргэн төлөх нөхцлөөр найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг яаралтай шийдэж өгөөсэй гэж хүсч, хүлээж байна.

-Дөрвөлсөн гэрээний тухай жаахан тодруулахгүй юу. Иргэдийн зүгээс ийм боломжийг хүсдэг ч тэр болгон чих зөөлөн эерэг  ханддаг барилгын компани тэр болгон байдаггүй шүү  дээ?
-Дөрвөлсөн гэрээнд   нэг талаас  Дархан-Уул аймгийн ахмадын хороо, нөгөө талаас  манай компани, гуравт  байранд орохыг  хүссэн өндөр настан ахмадууд, дөрөвт түүний өв залгамжлагчид буюу  үр хүүхэд нь орж байгаа. Байранд орох өндөр настан, өв залгамжлагч  хоёр банкны шаардлагыг хангах чадвартайгаар гэрээ хийгдсэн. Ахмадын орон сууц нь 60 айлын орон сууц нэг, дороо үйлчилгээний төвтэй 22 айлын орон сууц нэг, нийт 82 ахмадтай гэрээ хийсэн. Засгийн газраас дэмжлэг хүсч байгаагийн учир,  хамгийн  гол зүйл  нь  юу вэ гэвэл,  нэгд барилгын бүтээн байгуулалт, хоёрт барилгын үйлдвэржилт зэргийг харгалзан үзэж  барилга баригдаж  настнуудын магнайг тэнийлгэх төсөвт өртгийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө үү  гэж байгаа юм. Одоо бидний ажил санхүүжилт дээрээ зогсчихоод байна. Тиймээс   2013 оны наймдугаар сараас эхлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандсан. Дархан-Уул аймгаас  УИХ-д сонгогдсон С.Ганбаатар, Д.Хаянхярваа нарт хандсан. Мөн Дархан-Уулынхны итгэлийг дааж, хоёр удаа  төр түшилцэж байсан, одоо ч  иргэдээ сонсч эргэх  холбоотой байдаг  УИХ-ын гишүүн асан  Л.Гансүхэд хандсан. Одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр  ажиллаж байгаа учраас асуудлыг шийдүүлэх талд туслах байх гэж ахмадууд маань итгэж найдаж байгаагаа ярьж, хэлж байгаа. Тиймээс  түүнд хандсан юм. Ер нь бид Төрийн тэргүүнээсээ эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн,  салбарын сайд нар, төрийн болон төрийн бус  байгууллага нийт 23 хүнд  хандаад байна. Засгийн газраас бүтээн байгуулалт, үйлдвэржилтийг дэмжинэ гэж байгаа учраас бидний ажлыг дэмжинэ гэдэгт  итгэлтэй  байгаа.

-Тэд ямар хариу өгч байна?
-“Судалж  байгаа”, “Дэмжиж ажиллана”  гэсэн хариу өгсөн. Орон нутгийн удирдлагууд  бол бүрэн дэмжиж  байгаа.  Ахмадууд маань ихээхэн хүсэлт, хүлээлттэй байгаа  учраас “Хотод очиж Ерөнхий сайдтай уулзъя. Төлөөллөө явуулъя”   гэсэн яриа хөөрөөтэй  сууцгааж байна. Ер нь тэгээд аль ч нам төр барьсан ард түмнийхээ амьдралыг сайжруулна, хөнгөлттэй зээл, орон сууцанд хамруулна гэж ярьдаг, амладаг. Шинэчлэлийн Засгийн газраас ч энэ чиглэлд олон ажил эхлүүлж, бодлого гаргасан. Түүнтэй нь уялдуулж манай компани ахмадуудыг орон сууцжуулах зорилт тавьсан.

-Та  өөдрөг бодлоор ихээхэн итгэлтэй ярьж байна. Зорьж байгаа ажил нь ч эерэг гэрэл гэгээтэй юм. Тэгвэл төрөөс та бүхнийг дэмжих  гарц, давуу талыг хэрхэн харж байна?
-Өнөөдөр Дархан-Уул аймагт  орон сууцны метр/квадралтын үнэ 1.4 сая төгрөг байгаа. Энэ үнээс доош орон сууц байхгүй.  Манай компани ахмадуудтай  орон сууцны метр/квадратын үнийг 1.1 сая төгрөг байхаар тохирч  гэрээ хийсэн. Улсаас бидний саналыг дэмжиж,  дөрвөлсөн гэрээний үндсэнд зээл олгочихвол ахмадуудын маань  магнай   тэнийнэ. Манай компани ч тодорхой хувийн ашгаа олж, эргээд улсаас зээлсэн мөнгөө хүүний хамт хугацаанд нь төлнө. Хамгийн гол нь  эргэн төлөх  нөхцөлөөр  зээл авъя гэж байгаа юм. Зээлээ авчихвал орон сууцаа амласан хугацаандаа чанартай барьж ашиглалтад оруулна.

Ч.Зотол

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш