Өнөөдөр 13.00 цагт НАМЗХ-ноос "Ерөнхий сайдаа Огцруулах уу, Үндсэн хуулиа Оршуулах уу?" сэдэвт жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулан, энэ үеэр Монгол Улсын хамгийн анхны урт хэмжээстээр буюу 40 метр урттай хэвлэгдсэн Үндсэн хуулийг төрийн удирдлагуудад барих зорилготой байгаа. Гэтэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн зүгээс гэнэт тэдний жагсаалыг хориглох оролдлого хийж эхэлсэн байна.
Энэ талаар НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээс утсаар тодруулга авсан юм. Тэрбээр "Бид өнөөдөр 13.00 цагт Чингисийн талбайд жагсаал зохион байгуулах төлөвлөгөөтэй байтал дүүргийн цагдаа нар гэнэт НАМЗХ-ны байр орчмоор эргэлдэн, бидний санаачилсан ажилд саад учруулахыг оролдож эхэллээ. Гэвч бид Монгол улсын хууль тогтоомжид заасан эрхийн дагуу тайван жагсаалыг 13.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулах болно" гэлээ.