logo
Алдарт найруулагч Жан Имоу 3 хүүхдийн аав болсныхоо төлөө торгуулав

Алдарт найруулагч Жан Имоу 3 хүүхдийн аав болсныхоо төлөө торгуулав

2014/01/13

Оскарт нэр дэвшиж байсан Хятадын алдарт найруулагч Жан Имоу Нэг Өрх – Нэг Хүүхэд бодлогыг зөрчсөнийхөө төлөө 7.48 сая юань буюу 1.2 сая ам.доллараар торгуулжээ. Жианьсу мужийн Уши хотын гэр бүл төлөвлөлтийн товчооноос Жанд илгээсэн захидалд түүнийг зөвшөөрөлгүйгээр 2 хүүхэд төрүүлсэн учраас торгууль төлөхийг шаардсан байна. Үүнээс өмнө буюу 12-р сард найруулагч Жан 1-ээс олон хүүхэд төрүүлж өсгөсөндөө уучлалт гуйсан юм. Тодруулбал Жан болон түүний гэргий Чен Тин нар 2 хүү, 1 охинтой гэдгээ хүлээн зөвшөөрчээ.


Жианьсу мужийн засаг захиргаа Жаны гэр бүлийн жилийн нийт орлого дээр үндэслэн торгуулийн хэмжээг тогтоосон бөгөөд гэр бүл төлөвлөлтийн товчооноос илгээсэн захидлыг хүлээж авснаас хойш сарын дотор торгуулиа төлөх ёстой ажээ. Ямартай ч урд хөршийн удирдлагууд Нэг Өрх – Нэг Хүүхэд бодлогын зарим хориг хязгаарлалтуудыг зөөлрүүлэх шийдвэр гаргаад байгаа юм. Тухайлбал Синьхуа агентлагаас мэдээлснээр эцэг эхийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн тогтоолыг Улс Төрийн Товчооны Байнгын Хороо баталсан байна. Үүнээс өмнө эцэг эх хоёулаа айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрдөг байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/ 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш