Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн хэлэлцлээ.
2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгад оролцогчдын дийлэнх нь хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг онцолжээ. Одоогийн хууль, эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, найман шат дамжлагаар дамжин, тав хоног зарцуулж байгааг хялбаршуулж, хуулийн этгээдийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг хурдан шуурхай болгох шаардлага бий болоод байгаа аж.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44,464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93,733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага урган гарч байгаа хэмээн Хууль зүйн сайд танилцуулгадаа дурдсан.
Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ.
Бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээ /онлайн хэлбэр/-г нэвтрүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, бүртгэлийн болон бусад өргөдөл гаргах, өргөдлийн шийдвэрлэлтийн явц зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр авах зохицуулалтыг хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгаж, хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэх юм байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан гарах хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, тодруулах гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг дэмжин нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн хурлаар Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бэлтгэл ажлыг хангах Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс бүрдэх ажлын хэсгийг байгуулахаар болж, ахлагчаар Р.Бурмаа гишүүнийг сонголоо.
Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо хаалттай горимоор хэлэлцсэн.
Түүний дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дэх хэсгийн хоёр дахь өгүүлбэр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг томиллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.