logo
Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байна

Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байна

2014/01/15

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн.

2013 оны байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байна. Дээрх галт зэвсгийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг бүртгэгджээ.

Монгол Улсын хэмжээнд 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44764 бүртгэгдсэн нь жилд дунджаар 2000 орчим галт зэвсэг иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд шинээр нэмэгдэж буйг харуулж буй юм.

Сүүлийн 3 жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 2010 онд 43, 2011 онд 36, 2012 онд 41, 2013 онд 32 гарсан байгаа нь хэдий их тоо харагдахгүй байгаа боловч үүний цаана нийгэмд учруулах аюул, хор хохирол нь их хэмжээний байх магадлал өндөртэй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Цагдаагийн байгууллага галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн судалгаа гаргах, нөхөн илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа болон алдагдсан галт зэвсгийн тооллого явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлж байгаа хэдий ч эдгээр ажлын үр дүн иргэдийн аюулгүй байдлын баталгаа болж хараахан чадахгүй байгаа юм байна.

Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг марк, төрлөөр нь авч үзвэл ихэвчлэн Тоз-8, Сайга, ЗКК-600, Винтов, Карабин, Иж-18 (дробовинк) зэрэг галт зэвсгийг ихэвчлэн ашиглаж байгаа бөгөөд зарим тохиолдолд байлдааны зориулалттай АКМ, Бирдан, Медведь, СКЗ, Марс, Макаров, Маузер гэх мэт галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа талаар бүртгэгджээ.

Иймд хуулийн төсөлд галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилсан ба иргэний харуул хамгаалалтын ангилалд хамаарахыг цагдаагийн байгууллага, хууль сахиулагчийн галт зэвсгийн ангилалд хамаарах жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталж байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Гадаадын иргэн, харъяалалгүй этгээд Монгол Улсад галт зэвсэг өмчлөх, ашиглах нь Монгол Улсын иргэний эрх чөлөөнд халдах магадлалтай гэж үзэж гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар заалт оруулсан байна.

Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор Бууны албан татварын тухай хуулийг өөрчлөн найруулж Галт зэвсгийн албан татварын тухай хууль болгон шинэчлэн найруулсан бөгөөд төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар нь ойролцоогоор жилд 4000 төгрөг байсныг ихэсгэн 10000 төгрөгөөс 35000 төгрөг байхаар ялгамжтай тогтоожээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Галт зэвсгийн худалдаа, хадгалалт, хяналт ямар хэмжээнд байгааг лавлаж байлаа.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Галт зэвсгийн оруулж ирэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг хэдий ч нэг нь л борлуулах эрхтэй. Үүнээс болоод худалдаалах үйл ажиллагааны хяналт алдагдсан байсан. Мөн сумны худалдаа хяналтгүй болсон байсан. Шинэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулахаар оруулж ирж байгаа. Галт зэвсэг импортлох зөвшөөрлийг доод тал нь таван компанид өгч, худалдах эрхийг импортлох зөвшөөрөлтэй компанид өгөхгүй. Худалдах төв ганцхан байх бөгөөд түүнд өндөр шаардлага тавьж, хяналтыг сайжруулна. Импортлох зөвшөөрөлтэй олон компани байхаар нэг нэгэндээ тавих хяналт сайн байдаг гэсэн хариултыг өгсөн. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш