Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд танилцуулав.
Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй субьект болох цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын албаны алба хаагчийн давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг зэвсэгт хүчин зэрэг "хүчний" байгууллагаас ялган салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэх, шинээр байгуулагдах "мөрдөх алба", "тахарын алба"-ны алба хаагчийн эрх зүйн байдлыг шинээр зохицуулах зорилгыг мөн агуулжээ.
Хууль сахиулах байгууллагын ажилтныг гэмт хэргийг мөрдөх шалгах, зөрчлийг шалгах, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдал хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг алба хаагч буюу "хууль сахиулагч", тэдний үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах үүрэгтэй захиргаа, үйлчилгээний ажилтан буюу "ажилтан" гэж зааглан хуулийн төсөлд тусгасан байна. Ажилтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай зэрэг холбогдох хуулиар зохицуулах ба хэрвээ шаардлагатай гэж үзвэл "нэмэлт урамшил" олгож болохоор тусгажээ.
Төсөлд бусад алба хаагч, ажилтнаас хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоомж зөрчсөн, зөрчиж болзошгүй, эсхүл зөрчиж байгаа гэж үзвэл энэ тухай баримт бүхий мэдээллийг хууль сахиулагч удирдлагадаа гаргах үүрэгтэй байхаар тусгасан аж. Үүнийхээ төлөө уг хууль сахиулагч нь шагнуулах эсхүл аливаа нэгэн байдлаар сөрөг хариу үйлдэлд орохгүй байх зохицуулалтыг мөн оруулжээ.
Д.Лүндээжанцан нарын зарим гишүүд хууль сахиулагч, ажилтан гэж зааглан хуулийн төсөлд тусгасан нь хэр үндэстэй болохыг тодруулж байлаа. Ингэж зааглаж ялгаснаар албан тушаалын цол, түүний нэмэгдэл, тэтгэвэр тогтоолгоход ямар нэг асуудал үүсэх магадлалтай гэж тэд үзэж байгаа бөгөөд чухам хууль сахиулагч гэж ямар хүнийг хэлэхийг дахин тайлбарлаж өгөхийг хүссэн.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, тангараг өргөсөн, гэмт хэрэгтэй тэмцэх, аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж буй, хийж буй ажил нь амь насанд нь эрсдэл учруулж байдаг, ард иргэдийн төлөө үйлчилж буй хүмүүс гэж ойлгож болох аж. Тийм хүмүүсийг захиргааны алба хаагчдаас ялгах нь зүйтэй гээд захиргааны алба хаагчид хууль сахиулагчдын ар талыг ханган ажиллаж буй болохоор тодорхой нэмэгдэл авахаар тусгасан гэж сайд хэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамт хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.