Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр халдгална” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйлийн зохих заалтыг өөрчлөн найруулах хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг УИХ-ын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналын томъёолол гаргасныг санал хурааж шийдвэрлэлээ. Мөн байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм.
Ингээд санал хураалт явуулахад гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан “Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Харин гишүүн С.Бямбацогт, Сү.Батболд, М.Энхболд нар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамдын сайдын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох тухай санал олонхын дэмжлэг авч чадсангүй. Мөн эдгээр гишүүд уг хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх санал гаргасан боловч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин гишүүн Р.Гончигдорж уг хуулийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүхэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаар хийх үед нэгтгэсэн төсөлд тусгасан “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглана” гэсэн заалтаас “санал хураалт явуулахад” гэснийг хасах зарчмын зөрүүтэй саналыг Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нарын гишүүд гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. Түүнчлэн уг хуулийн төсөлд “2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн “асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн дарааллыг нь” гэснийг “үг хэлэх, асуулт асуух саналыг гишүүдийн ирцэд бүртгүүлсэн дарааллыг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг “саналаа ирүүлсэн” гэснийг “ирцэд бүртгүүлсэн” гэж тус тус өөрчлөх”-өөр тусгасныг бүхэлд нь хасах санал олонхын дэмжлэг авсан юм.
Харин хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны өргөн мэдүүлсэн хэвээрээ үлдэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан төсөл санаачлагч гишүүдийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэхэд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээний төхөөрөмж ашиглах заалт төсөлд үлдэх байсан юм.
Гэвч хуулийн төслийг санаачлагчид болох УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар зөвшилцсөний үндсэн дээр төслөө татан авч буйгаа мэдэгдэв. Гэхдээ нь энэ нь ухралт хийж байгаа хэрэг биш харин цаашдаа дэгийн тухай хуулийн төслийг цогц байдлаар нь оруулж ирж гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх механизмыг оновчтой болгох үүднээс ийм алхам хийж байгаагаа бүлгийн дарга нар хэллээ.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай илтгэлийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр бтлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан юм.
УИХ 2011 оны сүүлчээр Төсвийн тухай шинэ хууль батлан гаргаснаар орон нутгийн төсвийн шинэтгэлийн эхлэлийг тавьсны зэрэгцээ уг хуульд иргэдийн оролцооны талаар бие даасан зүйл оруулсан нь бодлого, сэтгэлгээний хувьд цоо шинэ алхам болсон төдийгүй төсвийн менежментэд иргэдийн оролцоог баталгаажуулсан бодлогын чухал арга хэмжээ болсныг төслийн танилцуулгад дурдсан байна.
Харин нийгмийн баялгийг шударгаар хуваарилах, түүнийг хянахад иргэдийг хэрхэн оролцуулах асуудлаар тусгайлан бодлого боловсруулж, шаардагдах төсвийг баталж өгөх явдал чухал байна. Түүнчлэн иргэдийн оролцоог хангах үүрэг бүхий бүтцийг удирдлагын бүхий л түвшинд бий болгон зохион байгуулж, үйл ажиллагааны нарийвчилсан стандартыг тогтоон бодлого, удирдлага зохион байгуулалт, эрх зүй, арга зүй, санхүү төсвийн хувьд дэмжих шаардлагатай байна хэмээн Ерөнхийлөгч үзэж 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 176 тоот зарлигаараа “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-ийг баталжээ.
Бодлогын энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн төслийг хэд хэдэн хувилбараар гаргаж Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар гурван удаа хэлэлцүүлж эцсийн хувилбарыг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж зохих саналыг авсны үндсэн дээр УИХ-д өргөн барьж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн С.Баярцогт, Сү.Батболд, Р.Бурмаа нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулан гишүүн М.Батчимэг, С.Баярцогт, Р.Гончигдорж нар саналаа хэллээ. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.