logo
Санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо

Санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо

2014/01/15

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, салбарын бодлогын хэрэгжилт, цаашдын уялдаа холбоог хэрхэн хангах талаар товч мэдээлэл хийсэн.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны салбарт стратегийн гурван зорилтын хүрээнд нийт 14 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс төлөвлөгөөний биелэлт 2014 оны эхний сарын байдлаар амжилттай яваа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан гишүүдэд өгсөн.

Батлан хамгаалах салбарын хувьд Батлан хамгаалах төрийн бодлогын үндэс нэртэй бичиг баримтыг 2012 оноос хойш төлөвлөн хэлэлцэх асуудал нь удаа дараа хойшилсноос болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан батлан хамгаалах салбарын зарим ажил биелэгдэхгүйд хүрч байгаа талаар хуралдааны үеэр яригдаж байсан.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Цөмийн энергийн салбарын хувьд хоёр үндсэн чиглэл барьж ажиллаж байгаа аж. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажил амжилттай яваа гэсэн мэдээллийг тус газрын дарга Н.Тэгшбаяр өгсөн. Нийт хил, гаалийн 15 боомтод цөмийн хаягдал, хууль бус бараа тээвэрлэлтийг хориглон зогсоох зориулалттай тоног төхөөрөмжийг тавьж ажиллаж байгаа гэлээ. Тэрбээр, “Цөмийн технологийг энхийн зорилгоор нэвтрүүлэх, цацраг идэвх ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажиллаж байна. Атомын цахилгаан станц барих асуудлыг хойшлуулаад, үргэлжлүүлэн судалж байгаа” гэж танилцуулав.

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого үндэсний хөтөлбөрийг батлан түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсан гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж хэлсэн. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, байгууллагын чадавхийг дээшлүүлэх ажлууд тусгагдсан ч холбогдох бодлогын баримт бичигтэй зарим үед зөрчилдөх явдал гардагаас зарим ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байдаг талаар мөн салбарын мэргэжилтнүүд дурдаж байлаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцон ажлын хэсгийнхний мэдээллийн дараа УИХ-ын гишүүд саналаа хэллээ. Гишүүд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, шинээр хэлэлцэгдэж буй тогтоолын төсөл, цаана нь боловсруулж буй баримт бичгүүдийн уялдаа холбоог хангах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Мөн дээрх хоёр баримт бичгийн хэрэгжилт ямар байгааг үнэлсэн тайланг сарын дотор гарган Байнгын ихороонд ирүүлэх үүргийг байгууллага бүрт өглөө. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод үнэлэхэд төвөгтэй заалтууд орсноос хэрэгжилтийг тооцоход зарим нэг асуудал гарч байгааг хуралдааны үеэр дурдаж байлаа. Ямартай ч Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хэрэгжүүлэхээр баталсан 400 гаруй хөтөлбөрүүд салбар салбар бүртээ хэрхэн уялдаж байгааг талаарх тайланг мөн Байнгын хороонд ирүүлэх үүргийг өглөө.

Төрийн бодлогын урт хугацааны төлөвлөлтийн уялдааг хангах механизмыг боловсруулах ажлын хэсгийг шаардлагатай бол байгуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэж байсан. Ингээд ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулах уу, УИХ-ын хэмжээнд байх уу гэдгийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш