УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл. Иргэдийн эрүүл, ухамсартай сонголт хийж, санал өгөх болоцоог уг хуулиар бүрдүүлж өгөх ёстой гэдгийг нэн тэргүүнд Ардчилсан намын бүлгийн гишүүд онцолсон тухай Ардчилсан намын бүлгийн дарга хэллээ. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын сонгуульд суудалгүй намыг татан буулгадаг болох тухай асуудлыг нэлээд чухалчилсан. Одоо үйлчилж байгаа хуулиар улс төрийн намыг байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг, энэ нь хэтэрхий цөөн байна гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол үйл ажиллагаагаа явуулж буй 20 гаруй нам байдаг. Гэтэл сонгууль дөхөхөөр улс төрийн шантааж хийхээс өөр бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаггүй. Зарим нэг нам нь даргаасаа өөр гишүүнчлэл байдаг эсэх нь эргэлзээтэй байдаг. УИХ-ын сонгуульд хоёроос дээш удаа оролцож парламентад суудал авч чадаагүй бол тухайн улс төрийн намыг татан буулгах, сонгууль болохоор улстөржиж, амь ордог улстөрийн намуудыг цэгцлэхэд дээрх шалгуур үр дүн дагуулна гэж бүлгийн гишүүд үзжээ. Түүнчлэн улс төрийн намуудын гишүүнчлэлийн тухайд хатуу гишүүнчлэлтэй байх эсэх асуудлыг ч тодорхой болгох, үзэл баримтлалыг хэрхэн суулгах, нам нь хэдэн настай байх, улстөрийн намуудад тавигдах шалгуур гээд олон заалтыг төсөлд тусгаж буй аж. Үүнээс гадна улс төрийн нам нь орон нутагт улс төрждөггүй байх, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь иргэдээсээ сонгогддог байх, түүнд улс төрийн намууд оролцдоггүй болох зэрэг заалтыг Улстөрийн намуудын тухай хуульд суулгаж өгөх зүй ёсны шаардлага тулгарч байна гэдгийг бүлгийн гишүүд үзжээ.