logo
Шинэ оны хоёр дахь долоо хоногт “11 11 төв”-д 1211 иргэн холбогджээ

Шинэ оны хоёр дахь долоо хоногт “11 11 төв”-д 1211 иргэн холбогджээ

2014/01/18

Гурилын үнэ өсгөхгүйн тулд Засгийн газраас авсан арга хэмжээний үр дүнг лавласан иргэнд ҮХААЯ-наас дэлгэрэнгүй хариулт өгчээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын 23 үйлдвэртэй гэрээ хийж, 48,7 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ санхүүжилтээр үйлдвэрүүд тариаланчдаас 1 тонн улаанбуудайг 280 мянган төгрөгөөр худалдан авч, гэрээний дагуу 2013 оны 9 дүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 1-р зэргийн гурилын бөөний үнийг 550, жижиглэнгээр 650 төгрөгт тогтмол барьсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш үйлдвэрүүд 1 тонн улаанбуудайг 320-420 мянган төгрөгөөр худалдан авч байгаа тул гурилын үнээ бага зэрэг нэмсэн байна гэж тайлбарлажээ.

Хүүхдээ харж гэртээ суугаа эхчүүдэд өгдөг мөнгөн тэтгэмжийн хэмжээг хэзээнээс нэмэх вэ гэсэн иргэний асуултад “Нийгмийн халамжийн бодлогоос хүн амын бодлогыг тусгаарлах, эхчүүдийг дэмжих зорилгоор “Олуулаа болох тухай” хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Энэ хууль батлагдвал тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ” гэж ХАХНХЯ-наас хариулсан байна.

Хуучин хувцас, тоглоом гэх мэт эд зүйлсээтатварыг нь төлөөд гадаадаас ар гэрийнхэндээ явуулахад Монголын гааль дээр давхар татвар авч байгаа нь зөв үү гэсэн асуултад Гаалийн ерөнхий газраас хариулт өгчээ. Шинэ, хуучнаас нь үл хамааран хилээр орж буй бүх бараанд импортын албан татвар 5 хувь, НӨАТ 10 хувь ногдуулан хурааж, улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалттайг хариултдаа тодотгожээ.

Инновацийн тухай хуульд заасан тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх журам үйлчлэхгүй байгааг цөөнгүй иргэн шүүмжилжээ. Энэ асуудалд Эдийн засаг хөгжлийн яамнаас хариулт өгсөн байна. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтууд хэрэгжих эхлээгүй байгааг тус яамнаас дуулгаад, дээрх хуульд заасан тоног төхөөрөмжийн жагсаалт болон эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах журам боловсруулж байгааг дуулгажээ.

БГД-т үртсэн шахмал түлш, коксжсон нүүрс тараагдахгүй удлаа, хэзээнээс хэвийн олгогдох вэ гэж олон иргэн лавлажээ. НЗДТГ-аас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн үртсэн шахмал түлш хэвийн тараагдаж байгаа аж.

Энэ мэт иргэдийн асуултад яам, агентлагийн удирдлагууд тогтмол цагт биечлэн, шууд хариулж эхэллээ. Эхний зочноор Шадар сайд Д.Тэрбишдагва оролцсон бол цаашид лхагва гараг бүрийн 11:00 цагт ‘’11 11 төв’’-д хийх онлайн хэлэлцүүлэгт сайдууд ээлжлэн уригдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш