Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад өчигдөр орон нутгийн дахин сонгууль болсон юм. Уг сонгуульд Ардчилсан нам илт давуу ялалт байгуулжээ. Нийт 17 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс тав нь тойрогт, 12 нь намын нэрээр дэвшиж ялсан суудал юм. Ийнхүү дахин сонгуульд Ардчилсан нам ялж, 17 суудал намдаа авчирснаар Говь-Алтай аймагт тус нам анх удаа Засаглах эрхтэй болж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд дан ганц МАН ялж байв. Харин энэ удаагийн орон нутгийн дахин сонгуульд Ардчилсан нам 17 суудлыг авснаар анхны ялалтыг авчирлаа.
Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдсаны дараа Ардчилсан намаас Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Ж.Батсуурь, Д.Анхбаяр нар тус аймгийг зорьж, орон нутагт ажилласан юм.
Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, Ц.Дашдорж нар намаа сонгуульд ялуулахын төлөө Говь-Алтай аймагт ажилласан бол МАХН-аас Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар ажилласан билээ.