logo
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл: Ураны салбарт зогсонги байдал үүслээ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл: Ураны салбарт зогсонги байдал үүслээ

2011/09/06
-Та ураны талаар багагүй ярьдаг. Эл салбарын хөгжил ямар төвшинд байна вэ?
-Япон Улсад болсон атомын цахилгаан станцын ослын дараа ураны хэрэглээ, бодлого цаашид хэрхэн өрнөх вэ гэсэн хүлээлт улс орнуудад үүслээ. Герман 2020 он гэхэд атомын эрчим хүчнээс татгалзах тухай ярьж байна. Бид ураны бодлогоо дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулахгүй бол болохгүй. Хайгуул, судалгаа хийсэн байдлаас үзэхэд ураны нөөцөөр манай улс эхний 15-д ордог. Цаашид ч нөөц нэмэгдэх магадлалтай.
-Парламент ураны ордын тодорхой хувийг төрийн мэдэлд авах хууль баталсан. Хэрхэн хэрэгжиж байгаа вэ. Мардайн ураны ордын ашиглахад дөхөмтэй гэдэг. Та очиж үзсэн үү?
-УИХ төсвөөр ураны судалгаа, хайгуул хийсэн бол 51, тухайн компани хөрөнгөөрөө хийсэн тохиолдолд 34 хувийг төр эзэмшинэ гэж тодорхой заасан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бэрхшээлтэй зүйл байна. Дорнод аймагт ОХУ, Монголын хамтарсан "Дорнод уран" компани бий. Тусгай зөвшөөрөл, хувь эзэмших зэрэгтэй холбоотой маргаан үүсгэж Арбитрийн шүүхэд очсон тохиолдол гарлаа. Харин Мардайн ураны ордтой холбоотой нарийн зүйлийг мэдэхгүй юм. Уг нь дэд бүтэц бэлэн учраас ашиглахад хялбар болов уу. Ер нь ураны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд зогсонги байдалд орлоо.
-Арбитрийн шүүхэд "Хан ресурс" компани маргаан үүсгэх ямар шалтгаан байв?
-"Төв Азийн уран" компанийг ОХУ, Канад, Монгол хамтарч байгуулан зохих хувийг эзэмшсэн юм билээ. Канад 58, ОХУ, Монгол Улс тус бүр 21 хувийг эзэмшсэн. Цөмийн энергийн хууль батлагдсантай холбоотойгоор манайхан 51 хувийг төрийн мэдэлд авч Засгийн газар оросуудтай хамтарч "Дорнод уран" компани байгуулахаа зарласан. Багагүй хөрөнгө оруулалт хийж, тодорхой хувь эзэмшиж байсан канадууд зарга үүсгэх нь ойлгомжтой. Миний хувьд маргаан үүсгэхгүй, ураны салбарын хөгжлийг урагшлуулах зорилгоор канадуудад ядаж арван хувийг үлдээсэн бол гэсэн бодол төрдөг. Канадууд шахагдсан нь үнэн. Олон улсын шүүхэд зарга хүрсэн учраас "Дорнод уран" компани үйл ажиллагаа явуулах боломжгүй. Арбитрийн шүүхэд очсон зарга хоёр, гурван жил дамжин сунжирдаг.
-Ураны салбар ирээдүйгүй болоод байна уу, Түр зуурын хүлээлт үүссэн гэж ойлгох уу?
-Дэлхийн чулуун нүүрсний нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Хямд эрчим хүч, байгаль орчинд халгүй технологиор боловсруулдаг гэдэг утгаар улс орнууд атомын эрчим хүчийг их сонирхож байсан. Японд гарсан осол зэрэгтэй холбогдоод ураны бодлогод өөрчлөлт орж магадгүй. Хэрэв атомын эрчим хүчийг ашиглах хортой гэж дэлхий нийтээр үзвэл манай улс ч тэр чиглэлд явна. Нийтээр татгалзсан байхад зөрүүдэлж болохгүй нь тодорхой. Улс орнуудын хяналтад үйл ажиллагаа явуулдаг ганц салбар нь уран шүү дээ. Олон улсын цөмийн энергийн агентлагаас гаргасан тусгай журам, дүрмийг хатуу мөрддөг.
-Манай улсад цөмийн хаягдал булшлах тухай нууц гэрээ хэлэлцээ хийсэн гэх шуугиан дэгдээд байна. Та УИХ-ын байнгын хорооны даргын хувьд холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан уу?
-Албан ёсоор асууж тодруулсан зүйл алга. Холбогдох газрууд албан ёсны хариулт өгөх ёстой. Засгийн газар ард түмэнд цөмийн хаягдал булшлах талаар яриа хэлэлцээ болсон юм уу, яг ямар зүйл болсон гэдгийг тодорхой мэдээлэх хэрэгтэй. Би эрдэмтэн судлаачидтай уулзаж, ийм шуугиан дэгдээд байхад яагаад чимээгүй байгаа талаар сонирхсон. Иймээс албаныхан цөмийн хаягдал булшлах талаар ямар ч яриа хөөрөө болоогүй гэсэн. Албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж Монголын төр цөмийн хаягдал булшлах тухай ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй гэдгийг олон нийтэд мэдэгдэх шаардлагатай. Албан ёсоор нотолж ард түмэнд мэдэгдэхгүйгээс таамаг яриа өдөөгдөөд, цөмийн хаягдал булшлах гэрээ хэлэлцээ болжээ гэсэн таамгийг нийгэмд тарааж байна.
-Гадаад харилцааны сайд Г.Занданшатар цөмийн хаягдал булшлах талаар яриа хэлэлцээ болоогүйг мэдэгдсэн. Засгийн газрыг төлөөллөөр ямар байгууллагын хэн гэдэг албан тушаалтан олон нийтэд мэдээлэл хийх ёстой вэ?
-Засгийн газрын төлөөлөл болж Гадаад харилцааны сайд, ЭБЭХ-ний сайд, Цөмийн энергийн газар, "Мон-Атом" компанийн удирдлага хамтарч албан ёсоор мэдээлэл өгөх хэрэгтэй. Байгаль орчин хариуцсан байнгын хорооны даргын хувьд ч ийм мэдээлэл хийнэ үү гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлэх тухай бодож байгаа.
-Та Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан гэсэн. Тодорхой ямар заалтууд орох вэ?
-Олон улсад цөмийн энергийн хуулийг хэрэглэдэг нийтлэг зарчмууд бий. Тэр бүхнийг тусгахыг оролдсон. Манайхан Цөмийн энергийн хуулийг батлахдаа Ашигт малтмалын хууль, Цацраг идэвхт бодисын тухай хууль зэргээс заалтууд авч нэгтгээд гаргасан. Ураныг шар нунтаг болгох хүртэл уул уурхайн энгийн ажиллагаа явагддаг. Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар олгоход болно. Хяналтыг Цөмийн энергийн хуулиар, цацраг идэвхт бодисын хяналтыг Цацрагийн тухай хуулиар зохицуулах хэрэгтэй. Цацраг туяаг эмчилгээнд,ахуйн хэрэглээнд хүртэл ашигладаг. Хуулийг гурав салгаж үлдсэн хэсгийг Цөмийн энергийн хяналтын тухай хууль болгож батлахад болохгүй зүйлгүй.

Д.Дамдиндорж
Монголын үнэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш