“Цахилгаан тээвэр” компаний Эдийн засаг, дотоод хяналт шалгалтын дарга Н.Янжмаатай ярилцлаа.
-Юуны өмнө “Цахилгаан тээвэр” компаний үйл ажиллагааны чиглэл, мөнгө санхүүгийн байдлын талаар танилцуулна уу?
-Манай компани нийтийн тээвэр, сургалт, гэрэлтүүлэг, троллейбусны үйлдвэрлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. 2013 онд Нийслэлийн удирдлагуудтай байгуулсан үр дүнгийн болон контракт гэрээний дагуу нийт 8.3 тэрбум төгрөгийн орлого олж, 9.3 тэрбум төгрөгийн зардал гарган, 1,0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвлөгөөтэй байснаас хүлээлэгдэж байгаа гүйцэтгэлээр 103.7 %-иар биелүүлсэн. 2006 оноос компанийхаа парк шинэчлэх зайлшгүй шаардлагын хүрээнд өөрсдийн санхүүгийн дотоод нөөц бололцоогоо дайчилан, нутагшуулж чадсан шинэ технологи дээрээ түшиглэн, инженер техникийн ажилтнуудын туршлага, мэдлэг, ур чадварыг ашиглах замаар анхны JEA800 загварын троллейбус, электробуснуудыг үйлдвэрлэж гаргасан. 2007 оноос хойш Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар JEA800 загварын 60 орчим троллейбус, монбус, дуобус /хосолмол хөдөлгүүртэй/-ыг үйлдвэрлэж нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажлуулж байна. Гадаад зах зээлд 250-320 мянга, зарим тохиолдолд 1,2 сая доллараар борлуулж байгаа троллейбустай харьцуулбал бидний 150.0 мянган доллараар үйлдвэрлэж эхэлсэн цахилгаан тээврийн хэрэгслэлийн өртөг, зардал 50% хямд, маш бага хөрөнгөөр “босч” байгаа юм. Компанийхаа парк шинэчлэлтийг хийж цахилгаан тээврийн үйл ажиллагааг сэргээх зорилго доор манай хамт олон аль болох бага зардлаар өндөр технологийн цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх хүсэл эрэмзэлтэй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Цахилгаан тээвэр компаний троллейбус үйлдвэрлэлийн хэсгийг Өндөр Технологийн Паркийн Бүс болгох, үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг эд ангиудыг гааль худалдааны татвараас чөлөөлүүлэх чиглэлээр төр засгийн байгууллагуудад 134 удаа албан ёсоор хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү Монголдоо анхдагч Өндөр Технологит Машинт үйлдвэрлэлийг дэмжих шийдвэрүүд гараагүй байгаад харамсаж явдаг. Нийтийн тээврийн бизнесийн алдагдалтай орчинд ажилладаг манай компани 2013 он хүртэл үйлдвэрлэсэн JEA-800 загварын троллейбус, дуобус, монбуснуудын гааль, худалдааны татвар, ажиллах хүчний зардлыг хариуцан ажиллаж ирсэн. 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн JEA-800 монбуснуудын гааль, худалдааны татвар болон ажиллах хүчний зардлыг бүтээгдэхүүний өөрийн өртөгт шингээж өгөх шийдвэр гаргаж, үйлдвэрлэгчидээ дэмжсэн Бат-Үүл баатардаа талархаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн шугам дээр байгаа JEA-800D загварын монбуснуудыг оруулбал 79 ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлээд байгаа ба энэхүү монголын машин үйлдвэрлэлийн анхдагч компаниас гарч байгаа 79 ширхэг цахилгаан тээврийн хэрэгслийг ОХУ-аас худалдан авсан бол 20,4 тэрбум, Чех улсаас худалдан авсан бол 28,5 тэрбум төгрөгний нэмэлт зардал гаргах байсан тооцоог аудитын компани баталгаажуулаад байна.
-Яг одоо хэдэн Цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж шугаманд гаргачихаад байна вэ?
-Манай инженер техникийн ажилтнууд, засварчдын ур ухаанаар бүтсэн 60 орчим цахилгаан тээврийн хэрэгслүүд үйлдвэрлэгдэж дуусаад өнөөдөр нийтийн зорчигч тээврийн шугамын үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэн явж байна. Одоо үйлдвэрлэлийн дамжлага дээр 19 ширхэг JEA-800D загварын монбуснуудыг 2014 оны 1-р улиралд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. 2006 оноос хойш 6,1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэгдсэн JEA-800 маркийн цахилгаан тээврийн хэрэгслүүд нь иргэдийн үйлчилгээнд ажиллах явцдаа компани 8,0 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.
-Та нийтийн тээврийн салбарт 20-иод жил ажиллаж байгаа юм байна. Өмнө нь “Автобус-1” компанид ажиллаж байсан гэсэн. Одоо цахилгаан тээврийн компанид ажиллахад давуу, сул тал юу ажиглагдаж байна вэ?
-Нийтийн тээврийн салбарт цахилгааны эх үүсвэртэй тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэх нь их өвөрмөц, эрчим хүчний аюулгүй ажиллагааны өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой юм байна. Сул тал гэхээсээ давуу талыг нь дурдмаар байна. Байгаль экологид ээлтэй цахилгаан тээврийн хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг нь монгол хүний оюун ухаан, ажлын дадлага туршлага, чадвараар бахархахаас аргагүй сэтгэгдэл төрүүлж байна. Нөгөө талаар манай хамт олон улс орон, байгаль орчинд өгөөжтэй нөр их ажлыг бүх нөхцөл бололцоо хүчин чадлаа дайчлан, идэвх санаачлага, сэтгэл зүтгэл гарган, нойр хоолоо хугаслан байж хийчихээд түүнийгээ олон нийтэд сурталчилж, төр засаг, нийслэлийн удирдлагад хийж бүтээсэн ажлийнхаа эдийн засгийн үр ашгийг тооцож танилцуулах талаар учир дутагдалтай байсан юм болов уу гэж санагдсан. Жишээ нь 2004 онд ашиглаж байсан ЗХУ-д гйлдвэрлэгдсэн Зиу-682 маркийн троллейбусны цахилгаан хөдөлгүүрийн удирдлагын ЭКГ-205 контроллерны системийг “JAF” загварын удирдлагын систем рүү шилжүүлсэн, мөн шинээр үйлдвэрлэсэн цахилгаан тээврийн хэрэгсэл дээр электрон удирдлагын систем тавьснаар сүүлийн 8 жилийн хугацаанд 317.3 сая төгрөгний цахилгааны хэмнэлт гаргасан байна.
-Танай компаний хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн троллейбуснуудын гүйлтийн норм нилээд эрт дууссан байх. Яаж та нар үйл ажиллагаагаа явуулж байсан вэ?
-“Цахилгаан тээвэр” компани анх байгуулагдахдаа 150 хөдлөх бүрэлдэхүүн, 13-н дэд станцтай байсан юм билээ. Түүнээс хойш 25-аад жил ямар ч парк шинэчлэлт хийгдээгүй, цахилгаан хангамжийн дэд бүтцийн их засвар ороогүй байсан. Тус компанид ашиглагдаж байсан ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Зиу-682 загварын троллейбуснууд 400 мянган км явах нормтой. Мэргэжлийн хяналтын газраас шаардлага удаа дараа өгч, гүйлтын норм дууссан троллейбуснуудын үйлчилгээг зогсоох шийдвэр гаргаж байсан ч гэсэн нийгмийн захиалгат нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, ашиглаж байсан троллейбусуудаа метальломд оруулж компаниа хувьчлуулахгүйн тулд сэтгэл зүтгэл гаргаж байсан инженер техникийн ажилтанууд, ажилчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд тухайн троллейбуснууд 700-1,1 сая км зам туулсан билээ. ЗиУ-682 маркийн троллейбусны ашиглалтын норм давуулж явсан 1 км тутамд 1428 төгрөгийн орлогыг компанидаа оруулж байсан бөгөөд нийт илүү явсан кмт оногдох орлого нь 1,5 тэрбум төгрөг болж үйл ажиллагааныхаа амийг тасалдуулаагүй явсан байна. Ийм их үр ашигтай ажиллуулж чадсан манай тэргүүний хүмүүсийн дундаас 4-115 номерийн троллейбусны жолооч Х.Жаргалсайхан саяхан гавьяат тээвэрчин цолоор энгэрээ мялаасан. 2006 оноос дотоодын нөөц бололцоонд тулгуурлан мөн Улс Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар JEA-800 загварын троллейбус, дуобус, монбус үйлдвэрлэж эхэлснээр хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчилж эхэлсэн байдаг. Шинээр үйлдвэрлэсэн цахилгаан тээврийн хэрэгслийн гүйлтийн норм нь дөнгөж 10-30% явж байхад цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан 5,8 төгрөг төсөвт өртгөө бүрэн нөхөж нэмээд 2,2 тэрбум төгрөгний орлого илүү оруулан ажилласан үр дүн харагдаж байна. Цаашид ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл манай хамт олонд байна. Манай төр засаг нийслэлийн удирдлага байгаль орчинд ээлтэй сөрөг нөлөөгүй, үнийн хувьд хямд цахилгаан тээврийн хэрэгслэлийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, нийтийн тээврийн салбарын бодлогыг зөв зохистой боловсруулж, бүх талаар дэмжих байх гэж найдаж байна. Тус компани одоог хүртэл дампуурчихалгүй, хүнд бэрх хэцүү үеийг даван туулж чадсан нь удирдлага, хамт олны мэргэжилдээ үнэнч, хийж бүтээн амьдрах чин сэтгэл, зүтгэлтэй шууд холбоотой гэж боддог. Бидэнд тодорхой дэмжлэг, хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Бусдыг нь бид өөрсдөө хийж чадна.