Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн баригдах төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төсөл хэрэгжиж буй.
Манай улсын хэмжээнд нийт 38 аж ахуйн нэгж төмрийн хүдрийн орд ашиглах тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 24 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн оны байдлаар төмрийн хүдрийн экспортлох гэрээний үнэ дунджаар 58 ам.доллар байсан бөгөөд нойтон баяжмал үйлдвэрлэснээр 124 ам.доллар, хорголжин төмөр үйлдвэрлэснээр 165 ам.доллар болж үнэ өсөх боломжтой.
Засгийн газраас төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих “Монгол ган” төсөл, “Монголросцвемет” ХХК-ийн Баргилтын уурхайг түшиглэн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж, “Бэрэнгрупп” ХХК-ийн барилгын арматурын үйлдвэр байгуулах төсөлд шаардагдах 50 сая ам.долларыг “Чингис бонд”-ын хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 100 мян.тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч хаягдал төмрийн олдоцоос шалтгаалан 50-60 хувийг ашиглаж ирсэн. 2009 онд тус үйлдвэр гурван тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012-2013 онд 6,4 тэрбум хүртэл төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
2015 онд үйлдвэрлэлийг өргөтгөн хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар “Кью Эс Си” ХХК-тай хамтран ажиллаж, одоогоор 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Тус үйлдвэр Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн шинээр уурхай нээх, үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд буй. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай 229,3 сая тоннын нөөцтэй. АНУ-ын Trio фирмийн 750 тн/цаг хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн угсралтын ажил 90 хувьтай явагдаж, 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрийг барьснаар 80-90 хүний ажлын байр бий болно.
Агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ тн тутамд 40-45 ам.доллараар нэмэгдэх боломжтой аж.