Сэтгүүлч миний бие Honda Civic-ийн цахилгаан буюу hybrid-ийг одоогоос зургаан сарын өмнөөс унадаг боловоо. Өвөлдөө бэлдэхийн зэрэгцээ, машныхаа кропны тосыг ч солиулав. Солиулаад сар гаран болж байхад кропны нэг боолт нь суларсны улмаас тос гоожсон байх юм. Тиймээс энэ сарын нэгний өдөр машиныхаа кропны тосыг солиулахаар “UNP” хэмээх Дарь эхэд байрлалтай авто засварын газарт хандав. Найрсаг хамт олон байсан болохоор амралтын өдрийг эс тоон туслахаар боллоо. Харамсалтай нь миний үйлчлүүлсэн тус автозасварын газарт кропны тос зардаггүй тул бүх нийтийн амралтын өдөр ганц ажиллаж байгаа газар болох Гэмтлийн эмнэлэгийн ойролцоох М Oil-ийн салбарыг зорив. Ингээд машиныхаа загвар маркыг, cvt кроптойгоо хэлж, машныхаа шуубыг хүртэл үзүүлж тохирох тос байгаа эсэхийг лавлав. Тухайн өдөр ээлжинд гарч байсан М Oil-ийн ажилтан н.Цэрэнбалтав ч уриалгахан гэгч нь “Манайд автомат, мехник кропны тос худалдаалдаг. Таны машин автомат кроп тул энэ тос тохирно” хэмээн АНУ-ын “Lucas” брэндийн тос өгөв. Худалдан авахаааа өмнө “Миний машинд таарах уу? Honda Civiс hybrid, CVT кроптой ш дээ, яг уу” гэдгийг дахин асууж лавлахад “Асуудалгүй ээ, тохирно” хэмээн хэлсэн бөгөөд бүх төрлийн машинд тохирдог хэмээсэн тосыг нь худалдан авсан юм.
Харамсалтай нь тус тосыг хийгээд удалгүй машин маань хаазаа гишгээд ч хурдаа авахаа больж, чигээрээ явахаа ч болив. Хотын төвд замын хаашаа ч хөдлөх боломжгүй болсон тул машнаа ачуулж засварын газарт хүргүүлэв. Учир байдлыг үзэж байгаарай хэмээгээд ажил , амьдралын шаардлагаар хөдөө, гадаа явсаар өнгөрсөн баасан гарагт улсынхаа нийслэлд, гэртээ ирсэн юм. Ингээд машин эвдэрсэн шалтгааныг тодруулахад кропны буруу тос хийснээс үүдэлтэй болохыг тогтоосон байгаа юм.
Ингээд хохиролоо барагдуулахаар Гэмтлийн эмнэлэгийн ойролцоох М Oil-ийн салбарт очтол тос худалдаалсан ажилтан байгаагүй ч түүнийг дуудаж ирж уулзуулав. Уулзахад CVT кропонд таарахгүй, буруу тос өгснөө ч хүлээн зөвшөөрөв. Улмаар “Маргааш манайхан хуралдана. Тэгээд таны машиныг өөрийнхөө засварын газарт аваачаад, оношлуулаад, яасныг нь мэдээд, эргээд таньд хариу хэлье” хэмээсэн юм.
Тэгтэл эргээд холбогдох ёстой хүн нь утсаа салгаад бүтэн өдөр болов. Одоо ч утас нь салгаатай байна. Ингээд хохиролоо барагдуулах хүнээ сураглахаар М Oil-ийн тосны мэргэжилтэнтэй ярихад “Асууж байж авахгүй яасан юм бэ? Тэр солиулсан газартаа ханд. Манайд хамааралгүй” гэв. М Oil-ийн удирдлага холбогдох хүнтэй нь уулзаж энэ талаар тодруулахаар холбогдох гэсэн боловч огт холбогдож чадсангүй. Улмаар гахай надад үсээ өгөөч дээс томж найзыгаа аваръя гэдэг “Шоргоолжний үлгэр”-ийг бодит байдал дээр хэрэгжүүлж байж Одноо гэх нярав, нягтлангийн аль нэгийг нь хийдэг 9902.... дугаарын эзэнтэй холбогдож учир байдлаа хэлсэн юм. Тэгтэл хохирогч болсон намайг буруутган, “Асуудлыг чинь Шинийн дөрвөнд хэлэлцээд хариу өгье. Манай захирал гадаад руу газраар явж байгаа болохоор наана нь ямар ч холбоо барих боломжгүй. Битүүний орой захирал маань ирнэ, тэгээд шинийн 4-ны өдөр ажил цуглахаар асуудлыг нь нягталчихаад хариу хэлье” хэмээв.
Юу гэсэн үг вэ? 21-р зуунд интернэт гар утас гээд хүсэл байгаад сэтгэл, зүтгэл гаргавал ямар ч хүнтэй холбогдох боломжтой шүү дээ. Нэг зүйлийг санагдуулж байгаа биз.
Буруу тосыг таарна тохирно хэмээн худалдсан н.Цэрэнбалтав түгээгч өнөөдрийг хүртэл утсаа салгаж холбогдохгүй байгаа нь М Oil-ийн хамт олон хариуцлагаас мултрахыг завдаж байгааг илтгэх мэт... Өөрөөр хэлбэл н.Цэрэнбалтав: “Манайд энэ тос ийм, ийм машинд тохирохгүй гэдгийг зааж байгаагүй. Таны машиныг автомат гэхээр нь л автомат машинд таарах тэр тосыг өгсөн. Таардаггүйг нь мэдэхгүй. Бид нарт уг нь хичээл заадаг ч тохирохгүй машиныг нь хэлж байгаагүй” хэмээн хэлэв.
Үнэн хэрэгтээ миний машин кропны тосоо нэмүүлэх хүртлээ зүгээр явдаг байсан бөгөөд тос нэмсний дараанаас урагшаа явахаа больсон нь буруу тос хийсэн гэдгийг батлачихаж байгаа юм. Нөгөө талаас CVT кропонд хэзээ ч “Lucas Sure-Shift Semi Synthetic ATF” тос таардаггүй бөгөөд хийсэн тохиолдолд кроп эвдэрдэг байна. Энэхүү тос нь 1990-д оны машинуудад тохирдог “эртний” тос юм байх.
Тэгвэл Honda Civiс hybrid машины CVT кропны зах зээлийн ханш нь 2.8-3 сая төгрөг. Солиулахад 200 000-250 000 төгрөг байдаг ажээ. Тэгэхээр хэрэглэгч миний хохирол хамгийн багадаа 3.2 сая төгрөг болж байгаа юм. Үүн дээр машин тэрэггүй явсан өдрүүдийн зардал, машин ачуулсан зардал, дулаан гаражинд хонуулсан мөнгө, засварын газрын хүний ажлыг алдагдуулсан гээд олон зардал нэмэгдэнэ.
Тэгтэл хэрэглэгч, үйлчлүүлэгчээ хүндлэх нь битгий хэл ийнхүү юман чинээ бодохгүй, буруутгаж байгаа энэ хамт олонд нийгмийн хариуцлага гээч зүйл байна уу? Хэрэглэгчээ хаанд өргөмжилж, санал гомдол гаргасан тохиолдолд асуудлыг түргэн шийдэх нь аль нь бизнесийн байгууллагын хувьд анхаарах ёстой зарчим. Тэгтэл хэрэглэгчээ гүтгэж, асуудлыг шийдэж өгөхгүй удааж байгаа нь ямар учиртай вэ?
Энэхүү ёс бус үйлдлээ түргэж засаж хэрэглэгчийн хохиролыг түргэн барагдуулах л учиртай. Өөрөөр хэлбэл захирал нь байхгүй бол орлох хүн тус байгууллагад ажиллаж л байх учиртай. Асуудалд хойрго хандаж, ёс зүй ухамсараа уландаа гишгэсэн энэ байгууллагад холбогдох төрийн албан хаагчид хариуцлага тооцож өгнө үү.
Жич: Энэхүү мэдээллийг хэн нэгэн хүн, албан байгууллагын нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зорилгоор бичээгүй болно. Гагцхүү олон нийтийг энэ мэтчилэн асуудлаас сэрэмжлүүлэх зорилгоор бичив.
А.Баярмаа