logo
Байгаль орчны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Байгаль орчны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2014/01/28
XVII жарны усан могой жил “Ялгуусан” хэмээх модон морин жилд халаагаа өгөх сар шинийн баяр цагаан сараа угтаж байгаль орчны салбарт он удаан жил, үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад буурлуудаа өнөөдөр БОНХЯ-ны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн уулзалтад байгаль орчны салбарт нэгэн насны ажил амьдралаа зориулж өндөр насныхаа амралтыг эдэлж байгаа 40 гаруй ахмад хүрэлцэн ирэв.

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн Ж.Батболд хүрэлцэн ирсэн ахмадууддаа сар шинийн мэнд дэвшүүлээд “… Бид та нарынхаа буухиаг үргэлжлүүлэн чармайн ажиллаж байна.Та нараасаа суралцах зүйл маш их байна. Өнгөрсөн онд манай салбар олон шинэлэг ажлуудыг хийж, энэ онд хийх ажлынхаа бэлтгэлийг ханган ажиллалаа.Тухайлбал, ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг УИХ-д өргөн барилаа,БОНХ-ийн Сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар 10 хавсралт бүхий ойжуулалтын журам батлагдан гарлаа, байгаль орчны салбартаа төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох гээд эхлүүлсэн ажлуудаа морин жилдээ үргэлжлүүлэн хийхээр ажиллаж байна.

Бидний ажлын амжилт бүхэнд та бүхний мэдлэг туршлага, зөвлөмж дэм болж байдаг. 2014 онд бид ойгоо цэвэрлэнэ, салбарт хэрэгжих 80 журам боловсруулах ажил 50 гаруй хувьтай байна, үлдсэн журмуудыг боловсруулна гээд хийх ажил их байна. Ойн чиглэлийн шинэ ажилтан бэлтгэх, сургах, дадлагажуулах ажилд та бүхнийг туслахыг хүсч байна.Та бүхний туршлага, үнэтэй санал бидний ажилд дэм болно. Ингээд хүн бүрийн мэддэг, хайрладаг хурдан хүлэг, хийморьлог  морин жилээр овоглосон 2014 ондоо энх тунх, ажил үйлс тань өөдрөг байхын ерөөлийг өргөж, урт удаан наслахыг хүсье” гэв. Хүндэтгэлийн уулзалтанд морилон ирсэн ахмадууд жил бүр  хүндэтгэн хүлээн авч, санаа бодлыг нь сонсдог яамныхаа удирдлагуудад ажлын амжилт хүсч, өөрсдийн зүгээс мэдэх чадах бүхнээ залгамж хойч үедээ зааж сурган, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БОНХ-ийн Сайд С.Оюун, Дэд сайд Б.Тулга, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нар ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш