"Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг"-ээс санаачилан, нийслэлийн Засаг даргын сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын харанхуй гудамжуудад шинээр 298 гэрэлтүүлэг тавилаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоож Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, Хан-Уул дүүргийн 6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны зарим гудамжуудад шинээр гэрэлтүүлэг хийжээ. Гэрэлтүүлгийг тавихдаа тухайн гудамжуудад байгаа гэрлийн шон дээр шууд суурилуулсан бөгөөд энэ нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг хэмнэсэн ажил болсон гэж холбогдох албаныхан мэдэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.