Нэгдүгээр бүлэг: Чалэ-Мейдан дахь цайны газар
1330 оны Ша абан ээль Моаззем сарын 17-ны даваа гаригийн орой, эртний соёлт орон, их яруу найрагчдын төрсөн өлгий Персийн нийслэл Тегеран хотноо эл хуль уйтгартай. Хуй салхи үлээж тоос дэгдсэний улмаас гудамжнаа хөл хөдөлгөөн бараг зогсжээ. Гагцхүү гачаал зовлонгийн эрхээр гэрээсээ хөөгдөж гарсан үүвэр түүвэр явган хүн энэ шороон дундуур ийш тийш сэлгүүцнэ. Тегеран хэдий том ч атугай дэлбэгч морин вагонтон хүмүүс зөвхөн хотын хойт хэсэгт суух бөгөөд ядуучуул суудаг өмнөд хэсэг нь тэр аяараа нарийхан, тахир мухар гудамжаар дүүрдэг билээ. Энэхүү хэсэгт Чалэ Мейдан хэмээх хороолол буй нь Парисын Кур де Миракль гэдэг хороолол лугаа тун төстэй ажээ. Энд ч гэсэн тэнд ч гэсэн аливаа соёл ахуйд харшаар үл барам хүн дүрсээ алдсан хүмүүст эртнээс нааш суурьшжээ. Сохор зоосны төлөө шашны мөргөлд хэний хийморь түрүүнд явахаас эхлэн эсэн бусын юмаар маргалдаж нэгийгээ алахад бэлэн, ойртсон хүний амийг нь хороодог, дээрэмддэг хүмүүс байдаг. Одоо ч гэсэн ялгаагүй тийм мэт нь зөндөө бөгөөд ялангуяа Баба Норуз Али замын уулзварын орчим их бий. Энэ хавиар суугчид улс төрийн бодлогоос тасархай хол. Тегераны хойт хэсэгт ямар ч явдал гарлаа гэсэн жишээлэхэд төрийн удирдах газар солигдож байхад ч энэ мэтийг мэдэлгүй өнгөрдөг байна. Хулгайч, эрүүгийн хэрэгтэн шоронгоос зугтсан байваас цагдаа нар, дандаа энэ хорооноос олно. Хотын энэ хэсэгт хаана нь бол хаана, цайны олон газар буй тул дээрх мэтийн хүмүүс орогнож байдаг.
Миний номонд гарах үгүүллэг эхлэх тэр өдөр, цайны нэгэн газар хэдэн хүн хүүрнэлдэн байв. Түүний доторхи байдлыг ажваас тамхи, хар тамхины утаа дүүрэн халуун тогооны хиншүү ханхлан бараг харанхуй аж. Хаалган дахь цорын ганц цонхоор \бусад гурав нь сонингоор бөглөөстэй\ гадаа хуйлрах тоос харагдана. Амьсгалах агаар нь гаднаас ирсэн хүний бөөлжис хутгам аягүй болжээ.
Цайны газар цугларагсад зүсэн зүйлийн хүн байгааг ажигч хүн харваас хамгийн доорд давхаргынхан, мэргэжлийнхэн байв. Хэсэг хэсгээрээ болчихоод олонхи нь цай ууж, хар тамхи гувшин ярилцана. Тэгэхэд ганцхан хүн, буланд шигдэн суугаад, их л бодлогошрон цаасан иштэй янжуур татан хэнтэй ч үл ярилцана. Энэ бол хорин тав орчим насны, боровтор царайтай, очийг бадраасан эрвэлзүүр хүрэн нүдтэй залуу эр байлаа. Түүнийг инээмсэглэхүйд нимгэн уруулын нь цаанаас яралзсан цагаан шүд харагдах бөгөөд ийнхүү инээмсэглэх нь уруу царайтай нь үл нийцнэ. Хуучирсан хиртэй хувцас өмссөн түүний гаднах байдал, үнэхээрийн гачигдсан байдлыг илтгэнэ. Сайхь хүн, элдвийн бодолд умбасан ер юу ч анзааргүй мэт бөгөөд гагцхүү ойр тойрноо харахаар толгойгоо хааяа өндийлгөснөө, дахин зовлонгийн далайд живлээ. Өөр нэгэн этгээдийг ойртон очих яг тэр үед сайхь хүн эцсийн ганц ширхэг тамхи татахыг мөрөөдсөн байжээ. Энэ бол том эсгий малгай тавьсан, баргар, тэнэг байдалтай, цайны газрын эзэн өвгөн аж. Унжуу хамар, дүрлэгэр том хэвийн бус нүдийг харахад зэрлэг хүн биш байгаа мэтээр хачин байдлыг санагдуулна. Залуу эр лүү очоод өрөөсөн гараа түүний мөрөн дээр тавьж:
- Яагаад чи гиюүрээд байна. Жавад аа? гэхэд нь элдвийн бодлоосоо арай ядан салсан Жавад:
- Зүгээр ээ, ах аа. Шал дэмий юм толгойд орж эргэлдээд байна. Тэгээд таныг харангуут толгойноос арилан одлоо гэж хариу өчвөөс өвгөн:
- За боль доо чи дэмий юм ярьж байна. Чи өчнөөн өдөр урвайгаад явж байна. Надад яагаад үнэнээ хэлэхгүй билээ? Санасан бодсоноо надтай хуваалцахыг хүсэхгүй байгаа чинь өөдгүй дээ гэв.
- Үнэндээ, даан ч юм алга. Нэг л бие базаахгүй байна гэж Жавад өчив.
- Зохиогоод л, намайг мэхлэх гээ юү. Өчнөөн өдөр ажилдаа яагаад очоогүйсэн билээ?
- Саяхан би эзэнтэйгээ хэрэлдсэн тэднийд ажиллахаа больсон гэж Жавад өвөрдүүштэй хариуллаа.
Өвгөн инээж:
- Зөвхөн ингээд, зогсох хэрэг үү? За хө тэгвэл би та хоёрыг эвлэрүүлье. Тэгэх үү? Энд залж ирээд хоёр аяга цай өртөггүй уулгаад л эвлүүлчихнэ гэхэд Жавад:
- Үгүй, үгүй, огт тэгсний хэрэггүй гэж яаран хэлбээс өвгөн сүүлчий үгий нь эс анзаарсан мэтээр:
- Энэнээс болж чи урвайгаа юм биз дээ? гэж асуувал,
- За яалаа гэж дээ өвгөөн. Миний дөрөв таван кран авдгийг та мэднэ. Орой болгон ээжийгээ, хоёр хүүхэдтэй эгчийгээ тэжээх талх тариа худалдаж авах хэрэгтэй байна. Энэ хэрүүлээс болж, би гурав дахь оройгоо гар хоосон харьж байна. Хэцүү байна. ажил эрж, энэ тэрүүгээр хичнээн явавч олдохгүй байна. Цаашдаа яадаг билээ, мэдэхээ байлаа.
Баб Гассаны гаднах байдал хүний сайныг эс илтгэвч Жавадын ярьсан зүйлд тун хачин болж, залуугийн гараас шүүрэн авч:
- За хүү минь, биеэ барь, бүү гомд гээд хармаанаасаа хоёр цагаан мөнгө гаргаж Жавадын алган дээр тавьж май, одоохондоо энэ л байна. Тэглээ ч талх худалдаад авчихна шүү дээ. Цаадхий нь бурхан мэдтүгэй. Хир тааруу ажил олдох байлгүй … гэв.
- Жавад түүн рүү харж, хоёр том нүдий нь нулимс бүрхэн,
- Ээ Баба гуай минь, таны агуу тайван сэтгэлийг би юү гэж хэлье. Надад үнэндээ ичгүүртэй байна…
- Хүү минь, одоо юу гэх вэ хэмээн өвгөн догдолсныгоо инээвхийн халхлах гэж оролдсоноо,
- Би чамд ажил олсон цагтаа л… гэж хэлээд, дээр нь халуун тогоо, цай, ёотон өрөөстэй чулуун бандан тавьсан булан руу очиж, гүйцэтгэгчдээ нэгэн зүйл тушаалаа.
Жавад ганцаараа үлдэв. Энэ хүн одоо хэдийгээр цөөвтэр мөнгөтэй болсон ч атугай урьдын адил гүн бодолд живсээр байлаа. Эрхэм уншигч авгай нар аа энд гарч буй хэргийн бүх явдалтай танилцуулахын учир Жавадын түүхийг товчхон үгүүлсүгэй.
Тегераны Сенгележ гэдэг нэгэн хороололд таван жил орчмын өмнө, гурван эр хүн, хоёр хүүхэн хоёр хүүхэд бүхий нэгэн айл байлаа. Эрэгтэйчүүдийн нэг нь чийрэг, бие сайхан дөчин тав орчим насных, нөгөөдөх нь гуч хүрч яваа, гурав дахь нь хорин настай залуу ажээ. Хүүхнүүдийн нь нэг нь дөчин настай, нөгөөдөх нь хорин гуравтай бөгөөд, хөхүүл, хоёр хүүхэдтэй нөгөөдөх нь дөрвөн настай байжээ. Энэ айл, гачигдах зовохыг үл мэдэж аятайхан амьдарч байсан аж. Өрхийн тэргүүлэгчийг Остад Али гэдэг бөгөөд Тегеран хотноо нэртэй шаахайчин хүн аж. Залуугий нь Жавад гэнэ. Гучин настай эрийг Реза гэх бөгөөд Жавадын эгчийн нөхөр, Остад Али, хүргэн хүүхдүүд бол эгчийнх нь билээ. Энэ айл, Резийн өдөрт олдог мөнгө, Остад Алийн оёдлын хөлсөөр идэж уухтай, жаргалтай байлаа. Яг энэ үе Тегеран хотноо хижиг өвчин дэлгэрч, заяа муутанд тусаад үхлийн зам руу хөтлөв. Эл өвчин Остад Алийг дайрлаа. Эмчлэх гэсэн оролдлогоо талаар хоцорлоо. Тавхан өдөр хэвтээд амьдралаас хагацан одож гэрийнхнийгээ үгүүлшгүй уй гашуунд хоцроов. Шаахайчныг нас барсны нөгөөдрийн маргааш, Реза бас өвчиллөө. Хүүхнүүдийг ч Жавадыг ч айх сандрах эзэмдэв. Долоо хоноод Реза ч үхэв.
Энэ айл ямаршуухан байдалд орсныг бичих бэрх ээ. Жавадын олж буй мөнгө, хоол ундандаа ч үл хүрэх тул эд агуурсаа худалдаж эхлэв. Ядрах өлсөх аажмаар газар авсаар хоёр жил болоход өрөнд баригдсаны улмаас Сенгележ дэх бяцхан байшингаасаа хагацлаа. Байшингаа худалдаад, энэ бохир хороонд шилжин ирж, хоёр өрөөтэй, өчүүхэн өөдгүй байшинд суурьшжээ. Жавад ахиухан хөлстэй ажил эрэлхийлэн дархны газраа ч орхин барилгад орж, өдөрт таван крон олдог болсноор гэрийнхнийхээ голыг яаж ийгээд зогоох болов. Үл ялих юмнаас болж эзэнтэйгээ муруйсандаа элдэвчлүүлэн хараалгаж доромжлуулах өдрийгөө хүртэл Жавад тийнхүү гурван жил амьдарлаа. Хөөрхий Жавад тэвчилгүй гомдож энэ мэтийн ажлаар дахин оролдохоо болъё гэж өөртөө ам өгөөд гарчээ.
Жавадын бодол болон суусны учрыг уншигч авгай на одоо мэдээ буй заа.
Хэдий одоогоор талх худалдаад авчих мөнгөтэй атугайч энэ бодол түүнээс сал өгөхгүй зууралджээ. Гэнэт түүний мөрөн дээр хүн гараа тавилаа. Толгойгоо өндийлгөж зэргэлдээх зээлийн бяцхан мухлагийн дагалдан, арван дөрөв орчим насны жаал хүүг таниад:
- Таныг зах дээр хүн сураглаад байна гэлээ.
Жавад босон тэрүүний хамт цайны газраас гарав.
Үл таних залуу эр хүлээн буйг харлаа.
* * *
Хоёрдугаар бүлэг: Хүн гачигдахын эрхэнд юу ч хийхээс буцдаггүй
Цайвар царайтай, бужгар үстэй, хар нүдтэй, нарийхан шувтан хамартай залуу хүн байв. Хуучирсан хар сэрдари өмсөж “цэрэг” малгай гэж хэлэгддэг хар эсгий малгай тавьжээ. Тэр залууг харсан хэн гуай ч, энэ хорооны хүн биш гэж лав хэлэхсэн бол уу? Түүний цайвар гар, биеэ авч буй төрх, буянтай хүн байна гэдгийг итлгэх бөгөөд ямар нэгэн онц хэргийн учир энд иржээ. Жавад үл таних залуу хоёрын дөрвөн нүд эсрэг ширтэлцэгнүүт Жавад:
- Аги та зарлиг буулгахсан бол уу? гэвээс, залуу аяархан “Тийм” гээд дуугүй бай гэж түүн рүү мөн дохилоо.
- Та энд ярилцмааргүй байна уу? гэж Жавад асууснаа, тэгвэл манайд очъё. Эндээс хоёр зуугаадхан алхам зайтай.
- Энд ярилцаж болохгүй нь үнэн. Гэхдээ, танайд бас очихгүй гэж үл таних хүн өчлөө.
Жавадыг дагаад яв гэж дохив. Тэр хоёр нарийхан, богино мухар гудамж өнгөрөөд нэгэн үе тазнэ тоглож байсан өргөн чөлөө рүү орлоо. Салхигүй намуухан зөөлөн бороо шивэрнэ. Хүн үзэгдэх нь цөөн тул тэд, чөлөөн зах руу очиж, дааман хаалганы хажуу дахь чулуун сандал дээр суув. Үл таних хүн дуугүй байснаа толгой өндийж, Жавадын нүүр рүү эгцлэн харснаа түүний гарыг атгаж,
- Жавад мөн биз дээ та? Би андуураагүй байх аа?
- Үгүй ээ аги аа, таны бодсон Жавад чинь би мөн байна.
- Танд найдлага тавьж болно байх гэж залууг хэлэхүйд Жавад энэ мэт ярианд дасаагүйн учир анзааралгүй,
- Энийг ч харин мэдэхгүй. Хэрэв итгэж байгаа бол юу юм бэ? хэл л дээ. Итгэл муутай бол таны хэрэг гэтэл, үл таних хүн шууд тасалж:
- За яалаа гэж дээ. Эхний хэсэн үгнээс чинь л чамд итгэсэн. Харин дуулмаар санагдаж байгаа бол олигтойхон яръя гэсэнд,
- За өөрөө л мэд гэж Жавад хэллээ.
Үл таних хүн ойр тойрныг анхаарамжтай хараад, хоёулхнаа байна, санаа амарлаа гэсэн шиг хоёр гараараа эрүүгээ тулж гүнээ бодов. Хэдэн минут өнгөрлөө. Жавад ч мөн өөрийн тухай бодож үг эс дуугарав.
Үл таних хүн толгойгоо өндийлгөхөд духаар нь хөлс бурзайжээ. Тэгээд тэрээр:
- Чи мөнгө олж, хүнд байдлаасаа гарах зам хайх юм биш үү? гэж асуувал Жавад санаа алдаж:
- Иш аги минь би үүнийг л бодож явна гэсэнд залуу,
- За хөө,… би чиний тухай цөмийг мэднэ. Чиний хуучин амьдралыг мэднэ. Чи өнчин хүн, чамайг ядуу, хэцүү байдалтай байна гэдгийг ч мэдэж байна. Цайны газрын хажуугаар өнгөрч чамайг үзээд аз муутай байгаагий чинь шууд мэдсэн. Тэгээд ч ер нь миний хийх учиртай ажилд тус болж мэдэх нь гэдгийг ойлгосон. Ингээд чиний хамаг түүхийг эрж сурвалжилж мэдсэн хэмээсэнд Жавад тэр хүний яриаг даруйхнаар тасалж:
- Хэрэв тийм бол та, миний ямар хэмжээндээ хүртэл гачигдаж явааг мэдэж байгаа юм шив дээ. Ганцхан мөнгө л надад тус болно гэдгийг мэдээрэй гэв.
- Тиймээ мэдэлгүй яахав. Тэгвэл чи миний хийх гэж байгаа ажлыг хамжилцаж мөнгө олоход бэлэн байгаа юм шив дээ?
- Тийм аги аа. Ямар ч ажилд би бэлэн.
Үл таних хүн халаасандаа гараа хийж, гурав гурван туман болох дөрвөн ширхэг цаасан мөнгө гаргаж, Жавадын гар дээр тавиад:
- Одоохондоо үүнийг авч бай. Жинхэнэ ажилд орохдоо цааш нь авах болно. Харин гүйцэтгэх ажил чинь эгзэгтэй… гэдгийг санах хэрэгтэй. Юуны түрүүнд чи надад бүрэн захирагдаж, бүхнийг хийхэд бэлхнээ байх хэрэгтэй гэв.
Жавад нарийвчлан бодолгүй бэлэн гэв.
Тэгтэл үл таних хүн эргэн тойрон харж, хоёулхнаа байгаадаа итгэж:
- Би лав хэд хэдэн этгээдийг баривчлах буюу хулгайлах нь шиг байна.
Энүүнд надад тус болох шийдмэг, зоригтой хүн хэрэгтэй байна. Чиний оролцоотойгоор иншаала, энэ хэргийг гүйцэтгэж чадна гэж найдаж байна. Харин одоогоор хамаг учрыг чамд тайлбарлах зав байхгүй нь харамсалтай байна.
Заяа дутаж шаналсан Жавад:
- Иш аги аа, миний зол заяа, ядуурал хоёр нийлээд одоо намайгаа гэмт хэрэг үйлд гэхэд за тэгье гэж хэлүүлэхээр болтол хавчжээ. Танд тусална гэгч гэмт хэрэг огт бус, харин ч өлзийтэй явдал байх нь гэдгийг царайны чинь өнгөөр мэдэж байна гэхэд:
- Жавад аа үнэн. Чи зөв ойлгосон байна. Муу санаа өвөрлөсөн бол юу гэж тийм ажил хийхээр явах вэ?
Эрэмгий зоригтойдоо энэ ажлыг хийх гэсэн бус сэтгэл зүрх шаардаад байна шүү дээ гэтэл Жавад:
- Аги аа, бүү тайлбарла. Би нарийн учрыг оллоо. Та хайр сэтгэлээ өгөвч, азгүйтэж яваа хүн байна мэдлээ хэмээн дуун алдав.
Залуу эр баахан дуугүй байснаа
- Тийм Жавад аа, чи үнэнээр нь хэллээ,… чи үүнийг одоо мэдэж байгаа болохоор ер бэлэн биз ээ?
Надад туслалцах уу? хамжилцах уу? гэсэнд Жавад:
- Аги аа бэлхнээр барах уу? таны үйлс бүтэхийн төлөө би ямар ч аюулын өмнө саатахгүй.
Үл таних хүн дахин үгүүлсэн нь:
- Тэгвэл чи ээждээ очиж, ажил хийх газар оллоо. Манай эзэн надтай хамт аяллаар Тегеранаас гарч явах гэнэ гэж хэл. Мөнгөө өг гэв.
- Аги аа, үнэхээр явах хэрэг үү? гэж Жавад асуулаа.
- Магадгүй. Аягүй бол маргааш ч явж мэднэ. Гэсэн ч аялал маань удаан үргэжлэхгүй. Чи өдөр шөнөгүй миний хажууд байх учраас яах тухай ээждээ хэл гэж байгаа юм шүү ер нь явлаа гээд хэлчих.
- Тэгье аги аа, хариу тэдэн рүү сар бүр мөнгө явуулж байх хэрэг гарна даа гэж Жавад сануулбаас:
- Үүнийг би харицна. Одоо яв маргааш зургаан цагт над руу ирээрэй гээд залуу эр Жавадын чихнээ хаягаа шивнэлээ.
- Мэдэв үү?
Жавад толгой дохив. Харанхуй болжээ. Жавад босож үл таних хүнтэйгээ салах ёс гүйцэтгэн одлоо. Нөгөө хүн нь ч бас босож, өөр зүг энэхүү бохир хорооноос гарч оддог гарцны зүг алхав. Хэдэн арван гудамж өнгөрөөд Канбер хэмээх цайны газрын урдаас зээл рүү орж ирлээ. Тэрээр энд хөтөч дуудав. Өөдгүй хувцсанд нь даанч үл нийцсэн гял цал болсон тэргэнд суугаад хотын хойт хэсэг руу явлаа. Хиабан Насерме, Лалеза. Хиабан Саади мэт гудамжнуудыг өнгөрөөд морин тэрэг Дерьевазэ Доулет хэмээт хотын их хаалганы хажууд зогслоо. Энд нөгөө хүн бууж гудамж хөндлөн гараад, нэгэн байшингийн хөх цэнхрээр будсан том хаалга руу очиж тогшлоо. Хаалга нээгдэж, саяын хүнийг оруулаад даруйхан хаагдлаа.
/Үргэлжлэл бий/