logo
Ё.Онон: Агнасан биш амьд амьтнаараа бахархая

Ё.Онон: Агнасан биш амьд амьтнаараа бахархая

2014/02/18
Энэ тухай БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Ё.Ононгоос цөөн асуултад хариу авснаа хүргэе.
-УМБГ-аас дөрвөн хэргийг хянан шалгаж байгаа гэсэн. Цаашид цахим ертөнцөөс ч юм уу иргэдээс ирүүлсэн мэдээ мэдээллээр мөрдлөг хийх үү?
-Зөвшөөрөлтэй ч бай, зөвшөөрөлгүй ч бай араатан амьтан агнасан иргэд тухайн ан амьтантайгаа авахуулсан зураг хөргөө цахим ертөнц, фэйсбүүк, твиттерт байршуулах нь их болсон. Энэ нь хуулийн дагуу хийсэн ан агнуур мөн эсэхийг УМБГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан хянаж, шалгаж эхлээд байна. Цаашид ч энэ үйл ажиллагаа үргэлжлэнэ.-Хуулийн хэрэгжилт гэхээс илүү мэдээллээр хангах ажил л хэрэгтэй санагдах юм. Маш олон төрлийн ан амьтан байдаг болохоор иргэд агнах хугацаа, зөвшөөрөл, ховор хийгээд нэн ховор гэхчлэн нэрлэж, ангилж мэдэхгүй нь их шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ан агнууртай холбоотой иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байгаа нь магадгүй БОНХЯ-тай ч холбоотой ч байж болно. Яагаад гэвэл, иргэдэд энэ талын хуулийн мэдлэг олгох тал дээр сул байгаа болов уу гэж бидний зүгээс өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс, ямар амьтныг агнахад зайлшгүй зөвшөөрөл авдаг вэ гэдгийг иргэддээ ойлгуулах үүднээс энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Цаашид мөн энэ талын мэдлэг боловсрол, сургалт сурталчилгаа олгох үүднээс олон нийтийн харилцааны хэрэгслүүдээр мэдээ мэдээлэл цацахаар төлөвлөөд байна. Үнэндээ, хэн нэгэн агнасан амьтныхаа зургийг өөрийн цахим хуудсанд байршуулдаг нь бусдад буруу ташаа ойлголт төрүүлдэг. Машиныхаа хамар дээр тохчихсон яваа чоныг нь хараад чоно авлаж хийморио сэргээхсэн гэж өөр нэгэн бодож болно шүү дээ. Агнасан, алсан амьтнаараа бус харин, байгальд байгаа амьд амьтнаараа бахархъя гэсэн уриалга гаргаж байна.-Агнаж байгаа арга, хэрэгслэлийн тухайд хуулийн заалт байдаг юм болов уу. Жишээ нь, чоныг машинаар дайрч хөнөөж буй бичлэг интернетэд тавигдсан  байсан?
-Амьтны тухай хуульд аливаа амьтныг агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл гэж бий. Энэ тухай дэлгэрэнгүй дурдсан байдаг. Үүнд юу багтдаг вэ гэвэл хамгийн тэргүүнд өөрийн чинь асуусан автомашин, нисэх онгоц зэргийг хөлөглөн хөөж буудах, дайрахыг хориглодог. Мөн гэрэлтүүлэх, занга сааль тавихыг хориглодог. Өөрөөр хэлбэл, амьтдын явдаг зам, жим, үүр ичээний үүдэнд урхи, занга тавих нь хуулийн дагуу хориглосон үйлдэл.
Наад зах нь үйлдвэрлэлийн зориулалтаар загас барихад торны хэмжээг хүртэл 5х5 см-ээс дээш байна гэхчлэн маш нарийн, тодорхой заасан байдаг. Мөн ховор төрлийн загас барихад дэгээ нь нэг салаа, үзүүр нь сэртэнгүй байх ёстой гэхчлэн маш нарийн тодорхойлсон байдаг ч хуулийн хэрэгжилт муу, иргэд ч төдийлэн мэддэггүй.

-Илэрч байгаа хэрэг нь цөөн болохоос гаальд зэрлэг амьтдын эд эрхтэн маш ихээр хураагддаг шүү дээ. Жишээ нь, бугын эвэр, засаа, баавгайн савар, чонын арьс, дотор эрхтэн гээд хэдэн зуугаараа илэрдэг ч хулгайн ангийн илрүүлэлт нь энэ тооны хаана нь ч хүрдэггүй?

-Тийм ээ, энэ нь их олон зүйлтэй холбоотой. Хулгайн анчид агнасан ан амьтнаа ой, хээр гэхчлэн тухайн газар оронд нь нядалж хэрэгтэй гэсэн зүйлээ аваад бусдыг нь хаячихдаг. Энэ нь хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг. Мөн ойн хамгаалагчийн хүрэлцээ муу гээд олон хүчин зүйлийн нөлөө би.
-Өнгөрсөн жилд агнасан хууль бус ангийн тоо толгойг гаргасан болов уу?
-Өнгөрсөн гурван жилийн тоон судалгаанаас үзвэл нэн ховор амьтнаас 74 бөхөн, 18 халиун буга гэхчлэн нэлээдгүй тоо дурдаж болно. Энэ бол зөвхөн нэн ховор ан амьтан. Цаана нь ховор биш ч гэлээ агнах зөвшөөрлийн хугацаанд нь агнаагүй амьтан олон бий.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш