logo
Рианна Оросын ижил хүйстнүүдийг өмөөрөв

Рианна Оросын ижил хүйстнүүдийг өмөөрөв

2014/02/18
Поп од Рианна Оросын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр P6 буюу Principle 6 хэмээх аяны бичигтэй малгай өмссөн зургаа Твиттер хуудсандаа байрлуулсан байна. Тус аяныхан Оросын эрх баригчдын баталсан ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг эсэргүүцэж, үзэл бодлоо олон нийтэд хүргэдэг ажээ. Дуучин Рианна Твиттерт 34 сая дагагчтай бөгөөд малгайтай зургаа тавьсныхаа дараа Оросын ижил хүйстнүүдийн асуудлыг хөндсөн нийтлэлүүдийн линкийг постолсон байна. Тэгш эрхийн төлөө ажилладаг All Out груп "Хөөх, #P6-г, мөн Олимпийн үеэр тэгш эрхийг дэмжсэнд баярлалаа" хэмээн хариу жиргэжээ.

Оросын парламент өнгөрсөн 6-р сард ижил хүйстнүүдийн тухай хууль баталсан нь барууныхны шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Уг нь энэ хууль ижил хүйстнүүдийн харилцааг сурталчилсан мэдээллийг өсвөр насныханд түгээхийг хориглосон заалттай ажээ. Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев гадаадын ижил хүйстэн хосууд болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг улсын ганц бие иргэдэд Орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон хуулинд гарын үсэг зурсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш